Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр ажлаа хүлээн авлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 26

Батлан хамгаалахын дэд сайдаар томилогдсон Авирмэдийн Баттөр өчигдөр БХЯ-нд хүрэлцэн ирж үүрэгт ажлаа хүлээн авлаа.

Түүнийг УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн гишүүдэд танилцуулан гадаад харилцаа, төрийн ажлын дадлага, туршлагатай дэд сайдтайгаа Батлан хамгаалах бодлого, үйл ажиллагаа, шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гар, сэтгэл нийлэн хамтран ажиллахаа илэрхийлэв.

Дэд сайд А.Баттөр улс орны аюулгүй байдлын төлөө онц чухал үүрэг хүлээдэг Батлан хамгаалах салбар, БХЯ-нд томилогдон ирсэндээ баяртай байгаагаа онцлоод Батлан хамгаалахын сайдын болон БХЯ-ны бодлого, үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх, түүнчлэн гадаад харилцааны салбарт олон жил ажилласан мэдлэг чадвар, туршлагынхаа дагуу Батлан хамгаалах салбарын гадаад харилцааг улам хөгжүүлэхэд анхаарал хандуулан идэвх зүтгэлтэй ажиллана гэдгээ хэллээ.

Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр Ховд аймгийн харьяат. 1989 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль төгссөн. ГХЯ-нд атташе, Франц улс дахь ЭСЯ-нд соёлын атташе, ЮНЕСКО-гийн Байнгын төлөөлөгчийн газарт дипломат ажилтан, ГХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын захирал, 1998-2000 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологийн сайд, 2004-2006 онд Гадаад хэргийн дэд сайд, 2008 оноос Монгол Улсаас БЕНЕЛЮКС-ийн орнууд, Европын хамтын нийгэмлэгт суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан олны танил улс төрч, дипломатич юм.

                А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top