Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч өргөжин хөгжиж буй Монгол, Чехийн харилцаа, хамтын ажиллагаанд баяртай байдгаа илэрхийлээд Монгол Улс, Европын холбооны хооронд “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр” тун удахгүй байгуулагдана гэж найдаж байгаа, дээрх хэлэлцээрт Чех Улс Монгол Улсыг дэмжиж гарын үсэг зурсанд талархаж байна гэв. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч “БНЧУ-д Монголын 6000 орчим иргэн сурч, ажиллаж амьдарч байгаа нь Монгол Улсын хувьд Чех орон Европ дахь чухал түнш гэдгийг харуулж байна. Бид цаашид хоёр орны хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлж Чех Улсад суралцах монгол оюутны тоог өсгөх нь чухал байна” хэмээн онцлон дурдлаа.
Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч хэлэхдээ “Монгол, Чехийн харилцаа бол найрсаг уламжлалтай, нөхөрсөг дотно харилцаа юм. Бид Монгол Улсын ардчилал, хүний эрхийн салбарт гаргаж байгаа амжилтаар бахархаж байна. Мөн эдийн засгийн өсөлт нэг жилд 17 хувьд хүрнэ гэдэг бол Европын аль нэгэн улсын жишээн дээр 20 жилийн чармайлтын үр дүнд гардаг үзүүлэлт. Бид танай улсын эдийн засаг өсч байгаад баяр хүргэх ёстой. Ази бол тэр чигээрээ эдийн засаг хурдацтай өсч буй бүс нутаг, түүн дотор Монгол Улсын амжилт тод томруун байгаад баяртай байна” хэмээв.
Ийнхүү хоёр орны Ерөнхийлөгч нарын уулзалт найрсаг дотно байдалд боллоо.
Сэтгэгдэл ( 0 )