Ерөнхийлөгч НҮБ дэх Ардчилсан орнуудын бүлгийн Сайд нарын албан бус уулзалтад үг хэлэв

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 26

  Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн дарга улсын хувьд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганы үеэр буюу энэ сарын 25-ны өдөр НҮБ дэх Ардчилсан орнуудын бүлгийн /НҮБ-ын Ардчиллын бүлгийн/ албан бус уулзалтыг НҮБ-ын Төв байранд зохион байгуулав. Уулзалтад НҮБ-ын Ардчиллын бүлэгт багтдаг АОХН-т оролцогч 137 улс, ажиглагч 8 улс болон НҮБ-ын ЕНБД-ын Хүний эрхийн асуудал эрхэлсэн туслах Иван Симонович, НҮБ-ын Ардчиллын төлөөх сангийн Гүйцэтгэх захирал Р.Рич, "Ардчилал болон сонгуулийг дэмжих олон улсын хүрээлэн" Засгийн газар хоорондын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга В.Хелгесен нар оролцлоо.  

 
            Ардчиллын бүлгийн уулзалтыг "Хуулийн засаглал ба Ардчилал" сэдвээр зохион байгуулсан бөгөөд Гадаад харилцааны сайд Л.Болд удирдан явуулав. Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож хэлсэн үгэндээ “Хуулийн засаглалгүйгээр ардчилал болон хүний эрх оршин тогтнохгүй. Хуулийн засаглал бодитоор оршсон газар шударга ёс, ардчилал хөгжиж, хүний эрх баталгааждаг. Цаашид АОХН улс улсын ардчиллын чанарыг сайжруулахад ихээхэн үүрэг гүйцэтгэх бөгөөд Европ болон Ази, Номхон далайн бүс нутаг, мөн Ойрх Дорнод, Латин Америк, Африк тивд салбараа нээнэ гэж бодож байна.
 
Монгол Улсад анхны ардчилсан чөлөөт сонгууль явуулснаас хойш 22 жил өнгөрсөн байна. Бид ардчилсан сонгууль явуулснаар Монголд ардчилал тогтоно гэж бодож байсан. Гэвч өнгөрсөн туршлагаас харахад зөвхөн чөлөөт сонгуулиар ардчилал бүрэн утгаараа оршин тогтнодоггүй нь харагдсан. Зөвхөн олон намын тогтолцоо, олон ургалч үзэл нь ардчиллын үндэс болдоггүй. Харин бид жинхэнэ эрх мэдлийг хүмүүстээ шилжүүлж орон нутагтаа өгснөөр, чухамхүү шууд ардчиллыг бий болгосноор аливаа улс нээлттэй, жинхэнэ утгаараа ардчилсан улс болно. Ардчилал бол нэг удаа хувьсгал хийгээд орхидог зүйл биш. Эрх чөлөө, ардчилал бол хэзээ ч эрийн цээнд хүрдэггүй эмзэг зүйл. Яг л нялх хүүхдээ өдөр бүр асардаг шиг өдөр бүр ардчилалд тордлого хэрэгтэй байдаг.
 
Монголын хувьд бид бусдад заахаас илүүтэй бусадтай хуваалцах сургамж их байгааг онцолмоор байна. Ардчилал бол сурах үйл явц. Бид алдаанаасаа суралцаж, түүний сургамжаас илүү хөгжиж дахин алдахгүй байх боломжоо олж авдаг. Өнгөрөгч зун бид парламентын сонгуулиа явуулсан. Долоо хоногийн дотор өмнөх засгийн эрх мэдэл дараагийн шинэ засагтаа шилжсэн. Сонгуулиас сонгуулийн хооронд бид шинэ зүйлд суралцаж байна. Ингээд энэ удаагийн хуралдаанд оролцож буй, мөн хүрэлцэн ирсэн нийт зочид та бүхэнд амжилт хүсээд илүү сайн сайхан ирээдүйг хамтдаа бий болгохын төлөө хамтран ажиллахыг уриалж байна. Илүү эрх чөлөөтэй, илүү ардчилсан, бас илүү шударга нийгмийг хамтдаа бүтээхийн төлөө ажиллацгаая” хэмээв.
            Литва, Финланд, Румын, Унгар, Тайланд, Марокко, Тунис, Бенин, БНСУ, АНУ, БНФУ, Эстони, Итали, Уругвай, Нигер улсын Гадаад хэргийн сайд нар уулзалтад оролцож үг хэлэхдээ хуулийн засаглал болон ардчилал нь салшгүй уялдаа холбоотой бөгөөд ардчиллыг хөгжүүлэхэд хуулийг дээдлэх ёс чухал ач үүрэг гүйцэтгэдэг болохыг онцлон тэмдэглээд хуулийн засаглал-ардчиллыг хөгжүүлэх чиглэлээр өөрийн оронд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээгээ танилцуулж, туршлага солилцсон байна. Үг хэлсэн төлөөлөгчид Монгол Улс АОХН-ийг даргалах хугацаандаа ардчиллын боловсролыг хөгжүүлэх, иргэний нийгэмтэй идэвхтэй хамтран ажиллах, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, авлигыг үл тэвчих орчин бий болгох чиглэлээр санаачилгатай ажиллаж байгааг сайшаан тэмдэглэж байлаа.



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top