Сүүлийн үед хүүхэд залуусыг ном биш лонхтой сархадтай нөхөрлөх боллоо. Түүнчлэн тэдний амьдралын зөв хэвшил бүрхэг байна хэмээн иргэд ярих болсон. Тэгвэл иргэдийн загтнасан газар маажих мэт “Өдрийн сонин”-ы хамт олон “Ном унших моод дэлгэрүүлье” уриа гаргаж “Ном бариагүй гар лонх барьдаг” нэртэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Үүнд ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, их зохиолч Д.Нацагдоржийн болон Б.Ренчингийн нэрэмжит шагналт Т.Галсан, хэл бичгийн ухааны доктор Д.Галбаатар, МЗЭ-ийн хорооны гүйцэтгэх захирал, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Г.Мөнхцэцэг, соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Ч.Жамъян, I сургуулийн уран зохиолын багш, хэл бичгийн ухааны доктор Д.Цэвэлмаа, БШУЯ-ны мэргэжилтнүүд хүрэлцэн ирсэн. Хэлэлцүүлгийг “Өдрийн сонин”-ы Эрэн сурвалжлах албаны дарга Д.Мөнгөндалай үг хэлж нээсэн юм.
Тэрбээр “Манай сонины хамт олон болон иргэд маань дунд сургуулийн хичээлийн хуваариас уран зохиолын хичээлийн цагийг багасгаснаас хүний сэтгэлийг хөдөлгөж байдаг утга зохиолоос хөндийрүүллээ. Энэ хичээлийг хүүхдүүдийн сонгох хичээлийн төрөлд бараг оруулах болсон. Яагаад энэ хичээлийг хөтөлбөрөөс хассан юм бэ. Үүний гол буруутан нь Боловсролын яам” хэмээгээд үүнийг юу гэж дүгнэж байгааг БШУЯ-наас уригдаж ирсэн хүмүүсээс асуулаа.
“Ийм мэдээлэл гараад байгаа. Үүнийг бид үгүйсгэж байна. 2005-2008 оны хооронд энэ хичээл 5-10-р ангийн хооронд 361 цаг ордог байсан. Харин үүнээс хойших жилд 420 цаг болсон. Тэгэхээр уран зохиолын хичээлийг судлах болсон хугацаа хамаагүй уртассан. Ахлах анги нь 490 цаг орж байгаа. Дунд сургуульд уран зохиолын хичээлийг цөөн цагаар орж байна гэсэн яриа гарах болсон шалгаан нь Монгол хэл, уран зохиолыг хамтад нь ордог болсонтой холбоотой байх” гэж хэлсэн.
Гэтэл энэ яриаг Т.Галсан тасалж “Энэ яриа худлаа. Хүнийг хуурсан үг байна. Энэ ажлыг сайн болгох үүргийг Боловсролын яам хариуцах ёстой. Боловсорно гэдэг нь хоолойгоор орж ходоодоор дамжаад хошногоор гарахыг боловсрох гэнэ. Гэтэл энэ яамд боловсорсон хүн нэг ч алга. Уг нь боловсролыг хариуцах ёстой байгууллага нь гэгээрлийн яам гэж байх учиртай. Ийм байгууллага хэрвээ байгуулагдвал ажилчдынх нь тархинд нар мандаж, зүрхэнд гал бадарч байх ёстой. Тэгж байж хүмүүсийн сэтгэлд хүрэх зүйл хийнэ. Хүмүүсийн эв нэгдэл, элбэрэл хайрыг утга зохиол бий болгодог. Түүгээрээ ямар их гавьяатай нь ойлгогдож байгаа биз. Сая таны хэлсэн хичээлийн цагийн тоо дэндүү худлаа байна. Би ерөнхий боловсролын олон багш сурагчтай саяхан уулзсан. Тэд “Уран зохиолын хичээл бараг ордоггүй. Зөвхөн уншаарай гээд л явдаг” гэж хариулсан. Гэхдээ би өөрийг тань буруутгахгүй. Ахмад зохиолч, эрдэмтэд, сэтгүүлчдийнхээ үгийг сонсох гээд ирсэн тань сайшаалтай. Танай яам эхлээд нэрээ солих хэрэгтэй. Боловсрол, шинжлэх ухаан гэж ийм нэртэй байгууллага байдаггүй юм. Урт нэртэй хууль шиг санагдаж байна. Би гэгээрүүлэгч яам гэж нэрлэмээр байна. Гэгээрүүлдэг яам иргэдээ ном уншуулдаг юм. Дараа нь үйл ажиллагаагаа залруулах ёстой. Энэ үгийг та сайддаа болон бусад дарга нартаа хэлээрэй” гэв.
Түүний дараа тогоон дотор нь чанагдаж, жинхэнэ бодит амьдралд нь буцалж яваа Д.Цэвэлмаа багш дараах зүйлийг ярьсан юм.
-Яамаа төлөөлж ирсэн хүний үг хэр үнэний ортой вэ?
-Манай сургуулийн хувьд хичээлийн таван өдөрт монгол хэл нэг, уран зохиол хоёр цаг ордог.
-Харин сурган хүмүүжүүлэгчдийн хувьд сайн боловсон хүчингүй байна гэсэн. Үүнд юу гэж хариулах вэ?
-Энэ үнэн. Дунд болон дээд сургуульдаа уран зохиолын тухай мэдлэгжээгүй хэрнээ уран зохиол, монгол хэлний багш болчих юм. Суурь боловсролгүй хүн яаж сайн багш болох билээ. Арай идэвхтэй нэг нь практик буюу ажиллах үедээ л мэдлэг олж чадваржиж байна. Бидний үед багш болох юмсан гэж өдрийн бодол шөнийн зүүд болж байлаа. Гэтэл өнөөдөр багш болсон хүмүүс гэнэтийн шийдвэрээр сонгосон байдаг. Ихэнх нь яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ гэхээр багш болох хүсэлтэй ч тооны хичээлдээ муу болохоор сонголт үлдээгүй нь ажиглагддаг. Цаашдаа яамны зүгээс энэ хичээлийн багшаар ажиллах гэсэн хүнийг ямар нэгэн шалгуур тавьж байх болов уу хэмээн ярьсан.
Энэ үгийг Т.Галсан ихэд дэмжсэн. Ямар сайндаа “Энэ багш харин ч зөв үг хэллээ” гээд “Ийм үг хэлэх хүн манайд ховордож. Хоолой дээрээ ноос, хөөвөр чихсэн юм шиг дөмбийж суугаад байх юм. Одооны багш нар 29 дүгээр сургуулийн хүүхдүүд шиг ам нь гагалзаж, гар нь сарвалзаж, нүд нь бүртэлзээд юу ч хийж чадахгүй байна. Тэдний ийм болсон нь Боловсролын яамтай шууд холбоотой. Яамнаас хийж байгаа нэг зүйл бол хэн нэг нь ямар ч хамаагүй ном хийж сургуулийн багш нарт шахдаг, номын дэлгүүр гэж хэлж ч болно. Энэ байдал зогсохгүй бол номоо зараад байгаа хүмүүсийг халж, номыг нь хэвлэхэд ивээн тэтгэж байгаа захирлуудыг нь шийтгэх хэрэгтэй. Би дээхнэ хөдөө явж байгаад нэг малчин айлд саатсан юм. Тэр айлд нэлээд хэдэн залуу сууж байсан. Бороо орж байсан болохоор би уйдсандаа “Та нар тус бүр нэг шүлэг унш. Би нэг уншихдаа гурвыг хэлье” гэсэн юм. Тэд эхэндээ дажгүй хэдэн шүлэг уншиж байснаа сүүлдээ таг болов. Гэтэл нэг нь арга ядахдаа муу санаа хэрэглэж таван бадагтай шүлгийг тав хувааж төдий тооны шүлэг хэлж байгаа юм шиг надад харагдсан. Би ч мэдсэн хэрнээ юу ч хэлсэнгүй. Түүнийг бусдаасаа илүү шүлэг мэддэг болохоор нь сонирхоод “Аль сургуулийн хүүхэд вэ” гэтэл “Би Япон хүн байна аа. Танай улсын монгол хэл уран зохиолын ангид сурч байгаа” гэж хэлсэн. Тэр үед нь би монголчуудынхаа өмнөөс нүүр хийх газаргүй болтлоо ичсэн. Үүгээрээ би Боловсролын яамыг “Хойч үеийг минь тийм муу мэдлэгтэй болгож байна шүү” гэдгийг сануулах гэсэн юм. Манай улсын хэл, уран зохиолын ирээдүй цаазын тавцанд байна гэж ч болно” хэмээсэн.
Харин Г.Мөнхцэцэг хэлэхдээ “Энэ үйл ажиллагааг би болон манай улсын зохиолчид маш их дэмжиж байгаа. Энэ сэдэв нийгэмд дэндүү их эмзэглэл төрүүлсээр байна. Зохиолчид маань уран зохиолыг хойч үедээ өвлүүлэн үлдээхийн төлөө бүхий л анхаарлаа хандуулж байгаа. Үүнийг тэдэнд хамгийн сайн ойртуулж чадах зүйл бол дунд сургуулийн хичээл. Энэ сэдвээр зохиолчид өмнө нь олон удаа ярьсан. Цаашид ч ярих болохоор дунд сургуулийн боловсролд уран зохиолын хичээлийн цагийг нь нэмэгдүүлэх биз ээ. Тэгээд ч саяхан Боловсролын яамнаас Соёлын яам тусгаарлагдсан болохоор өмнөхөөсөө илүү зүйл чанартайгаар, зоригтой хийх байх” гэв.
Энэ асуудалд Д.Галбаатар “Миний хувьд Т.Галсан зохиолчийн хэлсэн үг хатуу бөгөөд үнэн гэдгийг эхлээд хэлмээр байна. Манай улсын боловсролын систем бага ангид орж байгаа хүүхдийн гар, ой тогтоолыг зүгшрүүлэхийн тулд элдэв янзын дүрс зуруулдаг. Дараа нь уран зохиол руу шилждэг. Би үүнийг ярих болсон шалтгаан нь иймэрхүү хичээлээ дэндүү удаан заах юм. Уг нь өдийд цагаан толгойноосоо салаад уншиж, бичдэг болчих баймаарсан. Гэтэл үгүй шүү. Энэ байдал арванхоёрдугаар сар хүртэл үргэлжилнэ байх. За энэ ч яах вэ гэхэд зөвхөн багш нар луу бурууг чихэж болохгүй. Биднийг багад өвөө, эмээ маань ардын аман зохиолоор хүмүүжүүлдэг байсан. Гэтэл өнөөдөр ховордож. Үүнийг би оюун санааны хомсдол гэж хэлнэ. Уран зохиол гэдэг хичээл бол алгебр шиг томъёонд орлуулдаг зүйл биш. Зөвхөн уншдаг хичээл. Харин гүйцэд уншихгүй байвал багш нар зааварчлах ёстой. Ийм л технологитой. Уран зохиол хүн төрөлхтөнтэй үргэлж хамт байдаг. Тэр бусдыг гуйж чангаадаггүй. Эгэл ертөнцөөрөө татдаг шидтэй. Тиймээс эдгээр албаны хүмүүст хэлэхэд уран зохиолын хичээлд цагийг харамгүй зориулах хэрэгтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж залуусыг ном уншуулхын тулд өөрийнхөө нэрэмжит номын сан нээсэн. Төр ингэж анхаарч байгаа дээр нь боломж алдалгүй хамтрах хэрэгтэй” гэсэн юм.
У.Баярсайхан
Сэтгэгдэл ( 0 )