УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд байрлах Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн ажил албатай танилцлаа. Тус анги сүүлийн 2 жилд шинэчлэн зохион байгуулагдаж ахуй хангалт, тохижилт үйлчилгээний талаар олон зүйлийг шинээр барьж байгуулан, цөөнгүй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлснийг Батлан хамгаалахын сайд үзэж сонирхов.
Энэ ангийг “Морьт суман” гэдгээр нь Зэвсэгт хүчнийхэн сайн мэднэ. Учир нь 2011 оны 7 дугаар сарын 10-нд Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслол хүндэтгэлийн жагсаалд тус ангийнхан анх морин цэргийн парад бэлтгэн оролцуулсан юм. Эзэн Чингисийн үеийн болон 1921, 1945 оны үеийн цэргийн хувцас хэрэглэлтэй морьт цэргийн жагсаал иргэд олон нийтийн сэтгэлд ихэд нийцсэн билээ.
Мөн энэ ангид төрийн ёслолын торгон сүрэг буюу 9 хөлт цагаан сүлдийг залдаг морьд байдаг. Уг сүргийн байдалтай Батлан хамгаалахын сайд болон Гавьяат малчин, тод манлай уяач Д.Даваахүү, хурдан морь судлаач доктор, СГЗ А.Баярмагнай нар танилцлаа. Төрийн ёслолын торгон сүргийг тамгалах тусгай тамгатай болж байгаа бөгөөд уг тамганы дардсыг тус ангийн захирагч, хурандаа Б.Ганбаатарт Батлан хамгаалахын сайд гардуулан өгсөн юм.
Сэтгэгдэл ( 0 )