Аймаг, сум дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль болон холбогдох хуулийн танилцуулга

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 27

Улсын Их Хурлын гишүүн Н.Бурмаа, А.Бакей, Н.Батбаяр, Д.Батцогт, С.Баярцогт, Ц.Даваасүрэн, М.Зоригт, С.Оюун нараас Аймаг, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай, Монгол Улсын Засаг, захиргаа, нутаг, дэвсгэрийн нэгжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2012 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

 Дээр дурдсан хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар баталсан болно.

1.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар:

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн тоог тодорхойлохдоо хүн амын нягтрал, байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан тогтоох зарчмыг баримталсан бөгөөд ингэхдээ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн тоог аймгийн төвийн сумын багийн тоо, аймгийн төвийн сумаас бусад сумын тоог үндэслэн 17-41 байхаар тогтоосон. Харин сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн тоог тухайн сум, дүүргийн хүн амын тооноос шууд хамааруулан шатлан тогтоосон болно. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн тоо нь хүн амын тооноос хамааран 15, 21,27, 31 байх бөгөөд дүүргийн хувьд 17, 25, 35, 41 байхаар хуульд тусгасан.

2.Аймаг, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн талаар:

1/Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг холимог хэлбэрээр буюу хувь тэнцүүлэх болон нэг буюу олон мандаттай олонх (мажоритар)-ын хэлбэрээр явуулахаар хуульчилсан.

Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн тоог тодорхойлох аргачлалыг Монгол Улсын Засаг, захиргаа, нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар тогтоож өгсөн.

Үүнтэй уялдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгоход аймгийн төвийн сумын баг тус бүрээс нэг төлөөлөгчийг, аймгийн төвийн сумаас бусад сум тус бүрээс нэг төлөөлөгчийг, эдгээрээс бусад төлөөлөгчийг хувь тэнцүүлэх хэлбэрээр сонгохоор хуульчилсан.

Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгоход хувь тэнцүүлэх хэлбэрээр сонгогдох төлөөлөгчдийн тоог Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан сум, дүүргийн Хурлын төлөөлөгчдийн тоог гуравт хувааж тогтоох бөгөөд хэрэв ийнхүү хуваахад бутархай тоо гарвал ердийн ойролцоо бүхэл тоогоор тогтоох, баг, хороо бүрд ногдох олон мандаттай олонх (мажоритар)-ын хэлбэрээр сонгогдох мандатын тоог дээр дурдснаас бусад төлөөлөгчдийн тоог тухайн сум, дүүргийн баг, хорооны нийт тоонд хуваан бүхэл хэсгээр нь тогтоох бөгөөд ийнхүү хуваахад үлдэгдэл үлдвэл түүнийг хамгийн олон хүн амтай баг, хорооноос эхлүүлэн дараалуулан тэдгээрт нэг нэгээр нэмж хуваарилах замаар дуустал тогтооно. Хэрэв бүхэл хэсэг нь тэгтэй тэнцүү байвал баг, хороо бүр нэг мандаттай байх бөгөөд нийт төлөөлөгчдийн тооноос нийт баг, хорооны тоог хассантай тэнцүү тооны төлөөлөгчийг хувь тэнцүүлэх хэлбэрээр сонгохоор хуульчилснаар аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд засаг захиргааны нэгж бүрээс төлөөлөл сонгогдох зарчмыг хангасан болно.

2/Аймаг, сум, дүүргийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн арван нэгдүгээр сарын дөрөв дэх долоо хоногийн Лхагва гариг байх бөгөөд энэ өдөр бүх нийтээр амарна. Санал авах өдрийг тусгайлан тогтоосноор ээлжит сонгуулийг Улсын Их Хурал товлон зарлах шаардлагагүй гэж үзсэн бөгөөд сонгуулийн зохион байгуулалтыг санал авах өдрөөс тооцоолон хийхээр хуульд тусгасан болно.

3/Сонгуульд тухайн засаг захиргааны нэгжид 180-аас доошгүй хоногийн өмнө шилжин суурьшиж байнга оршин суургчаар бүртгүүлсэн сонгуулийн эрх бүхий иргэн сонгогдох эрхтэй байхаар хуульчилсан болно.

4/Сонгуулийг аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороо болон сонгуулийн хэсгийн хороо зохион байгуулах бөгөөд Сонгуулийн ерөнхий хороо дээрх сонгуулийн хороодод мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ба сонгуульд оролцогч аль нэг нам, эвслийн төлөөлөл, төрийн улс төрийн албан тушаалтан болон төлөөлөгчид нэр дэвшигч нь сонгуулийн хороодын бүрэлдэхүүнд орохыг хориглож, сонгуулийн хороодыг төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдаар бүрдүүлэхээр тусгасан.

Түүнчлэн дээд шатны сонгуулийн хороо нь харьяа сонгуулийн хорооны зөвхөн шийдвэр бус, харин үйл ажиллагаа, /эс үйлдэхүй/-г хянан шийдвэрлэхээр заасан.

     5/Сонгуулийн хэсгийг байгуулахдаа баг, хороог бусад баг, хороотой нийлүүлэхийг хориглосон болно.

         6/Сонгогчдын нэрсийн жагсаалтыг үйлдэх асуудлыг Улсын бүртгэлийн ерөнхий газар хариуцахаар тогтоосон болно.

7/Намууд сонгуульд эвсэл байгуулж оролцохоор шийдвэрлэсэн бол тухайн аймаг, сум, дүүрэг дэх намуудын салбар байгууллагууд эвслийн гэрээ байгуулсны үндсэн дээр сонгуульд оролцоно, тухайн аймаг, сум, дүүрэг дэх намын салбар байгууллагууд хамтарч эвслийг төлөөлөх байгууллагыг байгуулах, нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасахдаа хуульд заасан үндэслэл нотлох баримтаар тогтоогдсон байхыг нэмж тусгасан.

8/Сонгуулийн мөрийн хөтөлбөр нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн шаардлагад нийцсэн байх бөгөөд сонгуулийн мөрийн хөтөлбөрт мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгөтэй холбогдсон эрх олгох, уул уурхай, газрын тос, эрдэс баялгийн болон бусад салбарын орлогоос иргэдэд аливаа хишиг, хувь, тэдгээртэй адилтгах бусад зүйл хүртээх, эсхүл зээлийн болон бусад өр төлбөрийг хүчингүйд тооцох, хөрвүүлэх, түүнчлэн үнэ төлбөргүй, эсхүл хямдралтай үнээр үйлчилгээ үзүүлэх, эсхүл ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авахаар тусгахыг хориглон хуульчилсан. Түүнчлэн сонгуулийн сурталчилгаатай холбогдуулан нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 15 хоногийн өмнө нэгдсэн журмаар олгож, сонгуулийн сурталчилгаа энэ өдрөөс эхлэх ба сонгуулийн сурталчилгаа зөвшөөрснөөс бусдыг хориглох зарчимд үндэслэхээр заасан бөгөөд сонгуулийн сурталчилгааны зурагт самбар, нам эвслийн тугийг ашиглах, ухуулах байр ажиллуулах, сонгуулийн сурталчилгаанд цахим хуудас, олон нийтэд зориулсан мессеж ашиглах талаарх зохицуулалтыг нэмж тусгасан.

9/Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд сонгуулийн автоматжуулсан систем ашиглах бөгөөд Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээлэл, технологийн төв нь сонгуульд сонгуулийн автоматжуулсан системийг ашиглахтай холбогдох зохион байгуулалт үйл ажиллагааг шууд удирдан зохион байгуулна. Сонгуульд сонгуулийн автоматжуулсан систем ашиглахтай холбогдуулан хуульд сонгуулийн итгэлцлийг бий болгох, сонгуулийн үр дүнд эргэлзэх асуудлыг зохицуулахаар хяналтын тооллогын талаарх зохицуулалтыг орууллаа.

Тухайлбал, санал хураалт дуусмагц аймаг, дүүргийн сонгуулийн хороо харьяа бүх хэсгээс санамсаргүй сонголт /сугалах/-ын аргаар хоёр хэсгийг сонгож, эдгээр хэсгийн хорооны санал хураалтын дүнгийн тухай тогтоол гарсны дараа хэсгийн хорооны санал тоолох төхөөрөмжөөс гарсан саналын хуудсыг тухайн хэсгийн хороо гараар тоолж хяналтын тооллого хийнэ. Хяналтын тооллого ил тод байх бөгөөд уг тооллогыг Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд заасны дагуу байгуулагдсан Хяналтын хэсэг ажиглагчдыг байлцуулан хийнэ.

10/Аймаг, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хууль тогтоомжийг зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасантай нийцүүлсэн болно.

3.Иргэний бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар:

Иргэний улсын бүртгэлд сонгогчийн гэсэн шинэ иргэний бүртгэлийн төрлийг нэмж хуульчилсан бөгөөд цаашид Улсын бүртгэлийн ерөнхий газар сонгогчдийн нэрийн жагсаалтыг сонгогчийн бүртгэлд үндэслэн үйлдэх болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top