Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус хурал өнөөдөр боллоо. Тус хурлаар газрын харилцаа, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэж баталсан юм. Энэхүү төсөлд Улаанбаатар хотод 1300 га газрын хил хязгаарын дотор Газрын тухай хуулийн дагуу дуудлага худалдаа, төсөв сонгон шалгаруулалт, орчны тохижилтын ажлын зориулалтаас бусад хэлбэрээр шинээр газар эзэмшүүлэх, ашиглахыг хориглосон тогтоолыг НИТХ-ын төлөөлөгчид 100 хувь дэмжиж баталлаа.
Мөн Улаанбаатар хотын 1300 га газрын хил хязгаарт Хүүхдийн парк, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газрыг нэмж оруулсан юм. Тогтоолын төслийн 3.6 дахь заалтыг хоёр хувааж найруулахаар болсон. Тухайлбал, 3.6-д Нийслэлийн нутаг дэвсгэрт орон сууц, орчны нийтийн эзэмшлийн зам зогсоол, сургууль цэцэрлэг, эмнэлгийн эдэлбэр газар, шугам сүлжээний хамгаалалтын бүс, ундны усны хамгаалалтын бүсэд барилга байгууламж барих зөвшөөрөл олгосон НЗД-ын захирамжийг хүчингүй болгов. 3.7-д зааснаар дээрх бүх газарт зөвшөөрөл олгосон дүүргийн Засаг дарга нарын өгсөн газрын зөвшөөрлийг хүчингүй болгосон юм.
Ийн Улаанбаатар хотын төвийн 1300 га газарт цаашид барих дэглэмийг тогтоож өгсөн нь түүхэн шийдвэр байлаа хэмээн НИТХ-ын дарга Д.Баттулга хэллээ. Энэ дэглэмийн хэрэгжилтийг НИТХ өөрөө хяналт тавих ёстой. 2003 оноос дүүргийн засаг дарга нарын шугам сүлжээ, ундны усны хамгаалалтын бүсэд олгосон газрын зөвшөөрлийг хүчингүй болгосноор газрын наймаа, газрыг дамлан худалдаалах ажлыг эцэс болгох аж.
Түүнчлэн НИТХ-ын төлөөлөгчид газрын харилцааг ил тод болгох заалтуудыг дэмжлээ. Тухайлбал, кадастрын асуудлыг ил тод болгоно. Бусдын эзэмшлийн болон нийтийн эзэмшлийн газарт зам талбайг хааж барилга барихыг хориглосон.
Энэ удаагийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүн Д.Батбаяр Сүхбаатарын талбайгаас урагшаа Богдхан уулыг хааж хэт өндөр барилга барихгүй байх саналыг хуралд оруулсан ч дэмжигдсэнгүй.
Газрын харилцаа, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний тухай тогтоолыг баталснаар нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр төлөвлөсөн суурьшлын бүс, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг НИТХ-аар батлагдсаны дараа иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэхээр болсон юм.
Мөн цаашдаа хотоос гаргах үйлдвэр, аж ахуйн нэгжийн судалгааг хийж НИТХ-д танилцуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгав. Тодруулбал, автомашины захууд, тоосгоны үйлдвэр, арьс ширний үйлдвэр, карьерын аж ахуйн асуудлыг эрчимтэй шийдвэрлүүлэхийг даалгасан. Нийтийн эзэмшлийн тооллого хийж, нийслэлийн өмчийг дахин үнэлэн зээлжих зэрэглэлийг тогтоох ёстойг хурлын төгсгөлд онцоллоо.
Х.Даваа
Сэтгэгдэл ( 0 )