Дорнод аймгаас Засгийн газарт хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан иргэдийн хувьцааны нэг сая төгрөгийг өнгөрсөн зургадугаар сард бүтнээр нь буюу бэлнээр олгосон нь хууль бус үйлдэл хэмээн үзэж буйгаа тус аймгийн Хэрлэн сумын иргэн Ц.Төртайван, Цагаан-Уул сумын иргэн А.Болорзүрх, Ж.Цогтбаяр нар иргэдээ төлөөлөн мэдээллээ.
Уг нь өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн худалдах хүсэлтэй хувьцааны нэг сая төгрөгийг гурав хуваан олгохоор болсон. Энэ зарчмаар ч олгосон билээ. Гэтэл УИХ-ын сонгуулийн үеэр Дорнод аймагт УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хувьцааны нэрээр 335 иргэнд нэг сая төгрөгийг нь ямар нэг банк сонгон шалгаруулалгүй, шимтгэл авалгүй, халамжийн байгууллагын оролцоо бичилт хийлгүй бэлнээр Хаан, Хадгаламж банкаар олгож эхэлсэн юм байна. Харин ингэж мөнгө тараагдсанаас хойш ахин нэг ч хүнд сая төгрөг олгогдоогүй, хүний хөгжлийн үлдэгдэл 23 мянган төгрөгийг Халх гол, Цагаан-Овоо сумын 7000 мянган иргэн өнөөг хүртэл аваагүй, зургадугаар сарын сүүлийн хагаст олгогдож дуусах өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 340 мянган төгрөг ч сураггүй болжээ. Дээрх хоёр сумын 7000 иргэний 160 орчим сая төгрөгийн санхүүжилт орсон эсэх нь тодорхойгүй байна. Хэрвээ энэ санхүүжилт ороогүй бол хаана ямар асуудал үүссэн нь мөн л тодорхой бус байгаа аж. Харин энэ тухай Сангийн яамнаас тодруулахад бүх мөнгийг нь гаргасан гэж мэдэгдсэн байна.
Ингээд сумдын иргэд гарын үсэг цуглуулан хэний ямар буруутай үйл ажиллагаанаас, хаанаасаа мөнгө нь олгогдохгүй байгаа талаар анхаарч өгөхийг шударга ёсны төлөө тэмцдэг үүднээс нь УИХ-ын гишүүн Г.Уянгад, энэхүү асуудалд холбогдох УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэд хандсан боловч ямар нэг хариу өгөөгүй байна гэлээ. Түүнчлэн хэвлэл мэдээлэлд энэ тухай удаа дараа нийтлүүлж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, халамж хариуцсан сайд С.Эрдэнэ нарт ч хоёр удаа өргөдлөө өргөн барьсан юм байна. Иргэдийн хувьд дээрх холбогдох хүмүүст өөрсдийн биеэр бус туслахаар нь болоод өөр бусад замаар энэ тухай хүргүүлсэн ажээ. Ингээд ямар ч хариу ирээгүй, асуудал нь шийдвэрлэгдэхгүй байгаа тул дараах шаардлагын дагуу холбогдох байгууллагуудад хандахаар шийджээ.
Дээрх бэлэн мөнгө олголт хууль зөрчөөгүй бол хувьцааны төлбөрөө худалдахыг хүссэн 900 мянган иргэнийхийг ч мөн адил дээрх жишгээр өгөхийг, хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол үүнийг шалган тогтоож, үнэнийг ил тод болгож, буруутай этгээдүүдээр улс орон болоод иргэдийн хохирлыг төлүүлж хариуцлага тооцохыг АТГ, Улсын прокурор, шүүх цагдаагийн байгууллагаас хүсэж байна гэв.
Ийнхүү 160 сая төгрөгийг Дорнод аймаг дахь Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр НХХЯ-ны дэд сайд байх үедээ эрх мэдлээ хэтрүүлэн иргэдийн авах ёстой мөнгөнд халдаж, сонгуульд ашиглачихсан юм биш байгаа хэмээн хардахад хүрээд байгаа гэлээ.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 1 )