Н.Энхбаярын хэрэг эцэслэгдэхэд хоёр шатны хурал үлдсэн гэв

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 27

МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын өмгөөлөгч С.Нарангэрэл өнөөдөр  ”Үндэсний мэдээллийн төв”-д өнгөрсөн 25-ны өдөр болсон Нийслэлийн давж заалдах шатны шүүх хурлын талаар мэдээлэл хийлээ.

Н.Энхбаярт холбогдох хэргийг Нийслэлийн шүүхэд хэлэлцэж Сүхбаатар дүүргийн шүүхээс гаргасан дөрвөн жилийн хорих ялыг хэвээр үлдээжээ. Түүнийг “Өргөө” зочид буудлын хувьчлалын асуудал, “Улаанбаатар таймс” сонины хувьчлал, ТV9 телевизийн техник хэрэгсэл, “Эрдэнэт” үйлдвэрийн хэрэг болон Баянзүрх дүүргийн долдугаар хороо, Энхтайваны гудамжны 104 тоотыг 630 мянган ам.доллараар худалдан авсан зэрэг нийт долоон тэрбум төгрөгийг хувьдаа завшсан гэх таван хэргээр буруутгаад байсан. Түүний өмгөөлөгч С.Нарангэрэлийн мэдээлснээр “Анхан шатны болоод давж заалдах шүүх хурлаар “Өргөө” зочид буудал, Улаанбаатар таймс сонины нийслэлийн өмчит газар, Эрдэнэтийн Ганбөмбөлөгийн хэрэгт Н.Энхбаяр хамааралгүй гэдэг нь тогтоогдсон. Харин үлдсэн хоёр хэрэгт буруутгаж улайран тэмцэж байна. Нөгөө талаас энэ хэрэг дээр хохирол гэж байхгүй” гэсэн юм.

Тэрээр мэдээлэл хийхдээ хоёр зүйлийг онцолсон. Нэгдүгээрт,  Анхнаасаа Сүхбаатар дүүргийн шүүх гурван шүүгч, Нийслэлийн давж заалдах шатны гурван шүүгч, хэрэгт оролцсон хоёр прокурор, улсын яллагч нар урьдчилаад улстөрийн захиалга авчихсан байсан. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаярыг оролцуулахгүйгээр сонгууль дуустал энэ хүнийг шоронд нийгмээс тусгаарлаж хорино гэсэн захиалгаа улайран гүйцэтгэлээ. Би өмнөх хоёр шатны шүүхэд өмгөөлөгчийн, хуульчийн хувьд энэ шүүх хуралдаанд оролцохдоо дан ганц МАХН-ын дарга Н.Энхбаярыг өмгөөлөх гэж оролдоогүй. МУ-д үнэн шударга ёсыг тогтоох гэж, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэж оролцсон. Энэ удаагийн шүүх хуралд нэг сонирхолтой яриа болсон юм. Шүүх хурлын даргалагч “Нарангэрэл өмгөөлөгч та анхан шатны шүүхээс эхлээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүх хурлыг их гутаалаа. Урьдчилж бэлдээд орчихсон гэсэн” гэхэд тэрээр “Удахгүй хэдхэн цагийн дараа миний удаа дараа хэлсэн энэ зүйл үндэслэлтэй эсэхийг та гурван шүүгч гурвуулаа Монголын ард түмний өмнө баталгаажуулж өгнө шүү дээ” гэж хариу хэлсэн гэлээ.

Хоёрдугаарт, Н.Энхбаярт дотоодын буюу үндэсний хууль тогтоомжийн хүрээнд хоёр шат үлдсэн. Эхлээд улсын дээд шүүхийн хяналтын шатанд хандах бол дараа нь Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид хандах юм байна.

Сэтгүүлчид хэрэгт ахин хэдэн шатны хурал үлдсэн болоод ямар хугацаа үлдсэнийг тодруулахад “Хүний эрхийн олон улсын шүүхэд хандах эрхтэй. Олон улсын шүүхэд Н.Энхбаярын хэргээр хандахгүй. Манай улс Олон улсын шүүхийн өмнө хүлээсэн үүргээ хэр зэрэг биелүүлж байгааг тогтоож өгөөч ээ гэдэг асуудлыг тавина. Хавтаст хэрэг 49 байсан бол 52 хавтас болсон. Энэ хавтас хэрэгтэй танилцаад шийдвэр гарна. Уг нь хэргийг Олон улсын шүүхэд аваачилгүй дотооддоо шийдмээр байна. Одоо Нийслэлийн давж заалдах шатны шүүх магадлалаа бичээд албан ёсоор шүүгдэгч, өмгөөлөгчид гардуулан өгнө. Үүнээс хойш 10 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хандах ёстой” гэв.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top