Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Ил тод байдал, хариуцлага, хуулийн засаглалыг бид тууштай баримталж ирсэн. Эдгээр нь ардчилал оршин тогтнох, хөгжин бэхжихийн үндэс суурь гэдгийг бид мэднэ. Тиймээс, бид нийгэмдээ, төрийн өндөр албан тушаалтнаас эгэл жирийн иргэн хүртэл, авлигыг үл тэвчих үйлсийн төлөө ажиллаж байна” гэж онцлон тэмдэглэв.
Тэрбээр цааш нь хэлэхдээ “Чөлөөт, шударга сонгууль явуулж, нэг хүчнээс нөгөө хүчинд эрх мэдлийг тайван замаар шилжүүлж ирсэн туршлага маань дэлхийн бусад ардчилсан орнуудад үлгэр дууриал болж болох юм гэж би боддог. Монгол Улс иргэний оролцоотой, шууд ардчиллын өөд замнаж байна. Бид төрд бус, харин ард иргэддээ илүү эрх мэдэл олгохыг эрхэмлэнэ. Монгол Улс дорно дахь ардчиллын түгээн дэлгэрүүлэгч, хөтөч болж байгаагаараа бахархдаг” хэмээгээд “Дэлхий дахины энх тайвныг сахин хамгаалахын төлөөх үйлсэд Монгол улс тууштай зүтгэж ирсэн. Бид дэлхий даяар цөмийн зэвсгийг үгүй хийж эх дэлхийгээ аврах ёстой. Монголын газар шороонд цөмийн хог хаягдлыг булшлахын эсрэг бид баттай зогсож байгаа” гэж мэдэгдлээ.
Ерөнхийлөгч Сири Улсад өрнөж буй утга учиргүй хүчирхийлэл, цус асгаруулсан тулааны эсрэг эвсэлд Монгол Улс нэгдсэнийг илэрхийлээд “НҮБ-ын гишүүд бид шийдвэр гаргах хэрэгтэй. Бид үйлдэл хийх шаардлагатай байна” хэмээн хэлэв. Мөн эмэгтэйчүүд аливааг цогцоор харах хандлагатай байдгийг дурдаад “Нийгмийн хөгжлийг урагшлуулахын тулд төрийн үйлчилгээний бүх шатанд илүү олон эмэгтэйчүүдийг ажиллуулах шаардлагатай байна. Дэлхий нийтийн өмнө тулгамдаад байгаа асуудал бэрхшээлийг даван туулахад эмэгтэйчүүд онцлог байдлаар хандах нь дамжиггүй” гэлээ.
Үгийнхээ төгсгөлд “Маргаашийн иргэдийнхээ боловсролд хөрөнгө оруулахын ач холбогдол улс орны хувьд ч, дэлхий дахины хувьд агуу их юм. Эрдэм боловсролтой улс үндэстнүүд эдийн засгийн хувьд баталгаатай, хүний эрхийг дээдлэн хүндэлдэг, улс төрийн илүү их эрх чөлөөтэй байдаг” хэмээн Ерөнхийлөгч дурдаад “Найман зуун тавин жилийн тэртээ Эзэн богд Чингис хаан мэндэлсэн юм. Дэлхийн түүхнээ хуурай газар дээрх хамгийн том эзэнт гүрэнг Чингис хаан байгуулсан билээ. Тэр өөртөө ганц ч хөшөө босгоогүй юм. ”Морин дэл дээр дэлхийг эзлэх амархан, харин мориноосоо буугаад улс гэрээ засан төвхнүүлэх амаргүй” хэмээн эзэн Чингис хааны хэлсэн үг бий. Жинхэнэ ардчиллыг цогцлооно гэдэг хэцүү. Харин хөшөө баримал босгох амар. Эвдлэх, нураах бүр ч амар. Сайн засаглах амаргүй. Бид бүгд мориноосоо бууж, засаглах хэрэгтэй болоод байна. Засаглах засаглахдаа бүр сайн засаглах хэрэгтэй байна. Ингэж байж л бид хүүхэд бүр нь айх аюулгүй байх тийм л нийгмийг байгуулж чадна” хэмээн хэлэв.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл үргэлжилж байна.
Сэтгэгдэл ( 0 )