Ерөнхийлөгч нараа ”Дархан цааз”-тай болгоё

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 28

МАХН-ын Бага чуулганы гишүүн Л.Эрдэнэтуул тэргүүтэй төлөөлөгчид Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ. Л.Эрдэнэтуул болон МАХН-ын Бага чуулганы гишүүн М.Ганзориг,  Б.Цэрэндорж, Н.Одончимэг, МҮАН-ын Бага хурлын гишүүн Б.Баярмаа нар “Монгол Улсын төрийн тэргүүн, Ерөнхийлөгчийн алба хашиж байсан хүмүүст өршөөл үзүүлэх тухай” хуулийн төсөл боловсруулсан тухайгаа мэдээлсэн юм.

Л.Эрдэнэтуул: “Бид Монгол Улсад бий болсон улс төрийн хэлмэгдэл, шударга бус байдал, улс төрийн талцалд санаа зовнин, юуны өмнө энэхүү эрүүл бус үзэгдлийн золиос болоод байгаа Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярыг суллах, цаашид ч төрд үүрлээд буй хонзогнол, бохир өрсөлдөөнийг таслан зогсоох хүсэлтэй байна. Ингэхийн тулд “Монгол Улсын төрийн тэргүүн, Ерөнхийлөгчийн алба хашиж байсан хүмүүст өршөөл үзүүлэх тухай” хуулийн төсөл боловсрууллаа. Энэхүү хуулийн төслийг нягтлан, хуулийн үүднээс сайжруулж, улмаар цаг алдалгүй УИХ-д өргөн барих гэж байна хэмээн ярилаа. Тэд хуулийн төслийн үндэслэлээ тайлбарлахдаа.

Монгол улсын тусгаар тогтнол, Монголынхоо сайн сайхны төлөө амь бие хайрлалгүй тэмцэж байсан үе үеийн төрийн тэргүүнүүд ямар нэг байдлаар хэлмэгдэх, хорлогдох, бусдын гарт амь үрэгдэх түүхэн жишээ дэндүү элбэг. Зөвхөн XX-XXI зууныг дурьдахад: жанжин Д.Сүхбаатар цэл залуу насандаа учир битүүлгээр ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн. Маршал Х.Чойбалсан харь нутагт эмчлүүлж байгаад мөн л амь үрэгдсэн бол Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх нарын хувь заяа дэндүү эмгэнэлтэй, дэндүү харамсалтайгаар төгссөн билээ. Гэтэл эдгээр хүмүүс хэдийгээр алдаа оноотой амьдарсан ч эзэн Чингисээс улбаатай Монгол төрийн “хар хайрцагны” бодлого, тусгаар төрийн торгон нууцыг насан туршид тээгч байсан юм.                                                                    

1990 оноос хойш Монгол Улс шинэ төрийн тогтолцоонд шилжсэн ч, Ерөнхийлөгч хэмээх эрхэм сэтэр чухам энэ л тусгаар тогтнолыг авч үлдэх алтан ургийн бодлогын залгамж үргэлжлэл болох учиртай хэмээн бид үздэг. Ийм ч учир төрийн тэргүүнээ дархлан хамгаалдаг Монгол уламжлал буйг эргэн нэг санацгаая. Монгол Улсын Ерөнхийлөгч хэмээх алдар хүндэтгэлд элдэв “асан”, “экс” болон дугаар номер тавих нь зохимжгүй болов уу. Тэр тусмаа төрийн торгон нууцыг насан туршдаа тээгчид болохын хувьд онцгой дархлаа бий болгох нь чухамдаа Монгол Улсын тусгаар тогтнолын маань нэгэн баталгаа юм.

Харь улсын дэгжин дэг жаягийг дэндүү шохоорхож, “коммунизм”, "ардчилал” гэнэ үү, “авлигатай тэмцэх моод” гэнэ үү, бусдыг дууриаж, өвөг дээдсийн төрт ёсны уламжлалыг уландаа гишгэхээ болимоор байна. Ардчилсан Монгол Улсад олон Ерөнхийлөгч төрөхгүй. Байгаа болон ирээдүйн Ерөнхийлөгч нартаа, Чингисийн Монголын төрийн сүр сүлд болсон хүмүүстээ онцгой дархлал, насан туршийн төрийн өршөөл үзүүлэхэд буруудахгүй” хэмээн ярилаа.  

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top