Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашлахаар Улаанбаатарчууд бидний ганц шүдний өвчин болсон агаарын бохирдлын асуудал ахиад л яригдах нь. Ноднингоос эхлэн ЗГ-аас санаачлан Цэвэр агаар сан гэж байгуулж гэр хорооллын айлуудад утаа бага ялгаруулдаг зуухыг олгож эхэлсэн. Энэ нь ч тодорхой хэмжээгээр үр дүнгээ өгсөн гэж нийслэлчүүд ам сайтай байгаа. Тэгвэл Нийслэлийн ЗДТГ болон Агаарын чанарын алба, Цэвэр агаар сантай хамтран “Агаарын бохирдлын эсрэг орон байраа дулаалцгаая" аяныг нэг сарын хугацаанд зохион байгуулахаар болж тус арга хэмжээ өнөөдөр Сүхбаатарын талбайд нээлтээ хийсэн юм.
Энэхүү арга хэмжээнд агаарын бохирдлын эсрэг тэмцэх иргэд, олон ниийтийн байгууллагууд хүрэлцэн ирж оролцож өөрсдийн дуу хоолойгоо хүргэснээс гадна зарим барилгын компаниуд орчин үеийн тохилог амины орон сууцнуудыг танилцууллаа. Тухайн компаниудын танилцуулсан амины орон сууцнуудын дээд талын үнэ нь 30 сая төгрөг бөгөөд төвийн дулаанд холбогдох боломжтой гэнэ. Зарим амины орон сууцны үнэ тухайн байрныхаа хэмжээнээс шалтгаалж хэлбэлзэж байгаа юм байна. Мөн утаагүй зуух төслийн зуухнууд айл өрхүүдэд хэдийнэ олгогдоод эхэлжээ.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )