Ерөнхий сайд шинжлэх ухааны ажилтнуудтай уулзлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 29

Шинжлэх ухаан монголын нийгмийг эрчимтэй урагшлуулан хөгжүүлэх оюуны гол  хөтөч болж ажиллах тийм л нөхцөлийг шинэчлэлийн Засгийн газар бүрдүүлэх учиртай хэмээн эрдэмтэд зөвлөж байна.

Төрийн ордонд өчигдөр орой болсон шинжлэх ухааны салбарын шинэчлэл сэдэвт хэлэлцүүлгийн үеэр эрдэмтдээс гарсан гол хүсэлт энэ байсан бөгөөд Засгийн газар ч ийм бодлого баримтлах болно гэдгийг Ерөнхий сайд илэрхийллээ. 

Манай орны шинжлэх ухааны  салбарт өнөөдрийн байдлаар 1500 орчим эрдэм шинжилгээний ажилтан ажилладаг бөгөөд тэдний төлөөлөл ийнхүү  цугларч, өөрсдийн салбарын тулгамдсан асуудал, цаашдын зорилтоо Засгийн газрын тэргүүнтэйгээ  хуваалцлаа. Бүтэн гурван цаг гаруй үргэлжилсэн энэ  уулзалт зөвхөн нэг удаагийнх биш гэдгийг  гүйцэтгэх засаглалын тэргүүн онцолсон.

Байгаа цөөхөн толгой, потенциалаа хэрхэн яаж оновчтой ашиглаж, практиктай холбох вэ гэдэг хамгийн чухал. Цөөхнөөс олон, нэгээс гурав гэхчлэн олон хүний санаа бодлоос үнэтэй саналууд гардаг. Энэ утгаараа монголын толгой сор болсон эрдэмтэн мэргэд та бүхнийг урьж, ярилцаж буй нь энэ хэмээн Ерөнхий сайд уулзалтын эхэнд тэмдэглэлээ.

Бодлогоо тодорхойлоход мэргэжлийн хүмүүсээ сонсдог тогтолцоо өнөөдөр монголд алга.  Судалгаанд суурилдаг бус, цээжний пангаар ярьдаг энэ байдлыг халахад эрдэмтэн мэргэд та бүхний толгой чухал байна гэдгийг Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг онцоллоо. Энэ уулзалтаар судалгааны сэдэв ярихгүй, чиглэл ярих болно гэдгийг тэрбээр тэмдэглээд, одоогийн судалгаа шинжилгээ дээр завхрал гарч буйг ч шүүмжиллээ. Эрх баригчдад, дарга нарт зориулж судалгаа гаргаж буй нь нууц биш болжээ гэдгийг тэдэнд сануулсан.

Шинэчлэлийн Засгийн газар шинжлэх ухааныг, шинжлэх ухаанчдыг дэмжиж ажиллах болно. Монголоос дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн төрөхөд, спортын алдартнууд шиг алдаршуулж, урамшуулах хүсэлт бидэнд байгаа гэдгийг  Ерөнхий сайд уулзалтын үеэр онцоллоо.

Бидний зарцуулахаар төлөвлөж буй хөрөнгө  мөнгө нь оновчтой, үр ашигтай, эрдэмтэн судлаачид нь улс орноо гэсэн өөриймсөг сэтгэлтэй, гараас гарсан эрдэм шинжилгээний ажил нь эргээд ард түмний амьдрал амьжиргаанд нэмэртэй байх зарчмыг баримталж, тийм ч шаардлагыг тавих болно. Хэрэв өнөөдрийн бүтэц нь энэ шаардлагад нийцэхгүй бол  бид хамтдаа  ярилцаж, шинэчлэлийн төлөө  ажиллаж болно  хэмээн Засгийн газрын тэргүүн тэмдэглэж байна.

 “ Том хөлт хүнд зарагдана. Том толгойт хүн зарна” гэж ээж минь хэлдэг байсан. Тиймээс монголчууд бид эрдэм боловсролоор толгойгоо тэжээж, “Том” толгойтой байхын төлөө зүтгэцгээе хэмээн эрдэмтэн мэргэдэд хандан Ерөнхий сайд уриаллаа.

Монгол улсын шинжлэх ухааны чадавхи нь улсын хөгжлийг бодитойгоор шууд дэмжих түвшинд хүрч очоогүй.    Төр, хувийн хэвшил шинжлэх ухааны чадавхид төдийлөн итгэдэггүй, үүнээс улбаатайгаар институцын болон санхүү эдийн засаг, техник тоног төхөөрөмжийн талын дэмжлэг хангалтгүй, шинжлэх ухааны системийн чадавхи, дэд бүтэц нь сул, итгэл хүлээх түвшинд хүрээгүй, санхүүжилтын ганц эх үүсвэртэй зэрэг хүндрэл байгааг ч  ШУА-ийн ерөнхийлөгч нь ч, уулзалтад оролцогсод ч хэлж  байлаа. Энэ бүхний улмаас “итгэлгүй байдал, сул дэмжлэг,  сул чадавхи , итгэлгүй байдал..” гэсэн битүү тойрог бий болоод 20 гаруй жил боллоо. Үүнийг анхааралдаа авах хэрэгтэй гэдгийг тэд зөвлөж байсан . Мөн тэд Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт төлөвлөсөн тодорхой арга хэмжээнүүдэд ШУА-ийн эрдэмтэд оролцох боломжтой гэсэн 29  төрлийн саналтай ирсэн нь Засгийн газрын тэргүүнээс сайшаал сонслоо.

Тухайлбал, тэд эрдэм боловсролтой  монгол хүнийг төлөвшүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд эрдэмтэд идэвхтэй оролцох боломжтой, монгол соёл судлалыг дэмжиж, монгол судлалыг  хөгжүүлэх талаар гадаад дотоодод идэвхтэй үйл ажиллагаа явуулна. Нүүрснээс хий, шингэн түлш гаргах ажлыг эрчимжүүлж, нүүрсний химийн үйлдвэрийг хөгжүүлэх судалгаа хийх, барилгын дулааны алдагдлыг багасгах судалгааг өргөжүүлэх технологийн шийдэл  гаргасан гэх мэт  арга хэмжээг чухалчилсан юм. Мөн уулзалтад ирсэн эрдэмтдээс 40 гаруй нь үг  хэлж, тодорхой саналууд тавьж байсан. Цалин хөлс бага, үүүнээс болж үнэтэй ”толгой-” нуудаа гадагшаа болон хувийн хэвшилд алдаж байгаа, Инновацийн хууль гарсантай холбоотойгоор холбогдох хууль журмыг өөрчлөх, эрдэмтэд хэрэггүй юм хийдэг гэдэг ойлголтыг өөрчлөх, уул уурхай хөгжиж буй боловч энэ чиглэлийн шинжлэх ухаан хоцорч байна,  ЭХЯ байгуулсан нь маш сайн хэрэг, судалгааны ажлыг зорилтот төсөл болгох боломж бий эсэх, судалгааг дэмжихгүй байгаагаас манай их дээд сургуулиуд тодорхой үр дүнд хүрдэггүй гэх мэт үнэтэй саналуудыг тавьж байсан. Мөн тэд  үндэсний эрдэмтэн  мэргэдээ ийнхүү хүлээн авсанд талархал илэрхийлж, үүнийгээ Ерөнхий сайдын мэргэжилтэй холбож тайлбарлах нэг нь ч байлаа.

Ерөнхий сайд уулзалтын төгсгөлд эрдэмтдээс гарсан монгол судлалын асуудалд Засгийн газар онцгой анхаарна  гэдгийг тэмдэглээд, тогтолцоогоо зөв болгож, тодорхой сэдэв болгон зарлаад, үүнд мөнгө зарцуулаад явах нь хамгийн зөв хувилбар гэлээ. Ерөнхий сайдын дэргэд байгуулагдаж байгаа ажлын хэсгүүдэд эрдэмтдээс  орохыг зөвлөөд, эндээс гарсан саналуудад үр дүнгийн тайлан тавина гэдгээ мэдэгдлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top