Засгийн газар, Монголбанкнаас Монгол Улсын 2013 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төсөл, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-ын даргад З.Энхболдод өргөн барилаа.
Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан Төсвийн тухай хуулийн төслийг өргөн барихдаа “Ирэх оны төсвийг тусгай шаардлагуудыг хангаж боловсруулсан” гэж Их хурлын даргад мэдэгдсэн. Тухайлбал, төсвийн алдагдал ирэх онд хоёр хувиас хэтрэхгүй байх, төсөвт оруулах орлогыг шахахын зэрэгцээ зарлагыг багасгах, төсвийн төвлөрлийг саармагжуулах, нутгийн өөрөө удирдах байгууллага төсвөө бүрдүүлж зарцуулах зэрэг хэд хэдэн онцлогтойгоор хуулийг төслийг боловсруулжээ. Төсвийн тухайн хуулийн төслийг чуулганаар хэлэлцэх явцад салбар хариуцсан сайд нар төсвөө хамгаалах юм байна. Түүнээс гадна хуулийн төсөлд тусгагдсанаар боловсролын салбар хамгийн их төсөвтэй байгаа гэж Ч.Улаан сайд хэллээ.
Харин Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл”-ийг парламентын тэргүүнд өргөн барихдаа “2013 оны эцэст имфляцийн түвшинг 8 хувьд барина” гэв. 2014, 2015 онд дээрх түвшинг 6 хувьд хүргэх хэтийн бодлоготойгоор үндсэн чиглэл боловсруулагдсан байна. Ирэх жилийн мөнгөний бодлогод Засгийн газрын оролцоо нэлээд чухал байгааг Төв банкны удирдлага мөн ярьж байсан. Түүнчлэн моргежийн буюу урт хугацааны зээлийн жилийн хүүг 8 хувиас хэтрүүлэхгүй байх, мөнгөний бодлогын шийдвэр гаргах үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлэх, үндсэн зорилтын хэрэгжилтийг олон нийтэд тогтмол тайлагнах замаар Төв банкны хариуцлагыг сайжруулна. Банкны тогтвортой байдлыг бэхжүүлэх хүрээнд банкуудын өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг нэмэгдүүлэн салбарын эрсдэл даах чадварыг мөн дээшлүүлэхээр үндсэн чиглэлийн төсөлд тусгажээ
Сэтгэгдэл ( 0 )