Чуулганы нээлт 76.1 хувийн ирцтэй байлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 01

 

УИХ-ын 2012 оны намрын ээлжит чуулган дөнгөж сая 76.1 хувийн ирцтэйгээр эхэллээ.  Энэ удаагийн чуулганы нээлтэд 71 гишүүн оролцох ёстойгоос гадаад томилолттой тав, дотоод томилолттой ажиллаж буй таван гишүүн байгаа юм. Чуулганы нээлтэд Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар оролцож байгаа харагдав.

Чуулганы эхэнд УИХ-ын дарга З.Энхболд: "Cүүлийн гурван жилд Монгол Улсын эдийн засаг эрчимтэй тэлсэн хэдий ч, дотоодын эдийн засгийн дархлааг сайжруулах, эрсдэлийг багасгах замаар эдийн засгийн урт хугацааны тэнцвэртэй бөгөөд хүртээмжтэй өсөлтийг хангах, гадаад зах зээлийн сөрөг нөлөөлөл, хямралыг зөөллөх хариуцлагатай цаг үе тулгарч байна. Бараа бүтээгдэхүүний болон үйлчилгээний үнийн өсөлт, инфляцийн түвшин хоёр оронтой тооноос давж, ард иргэдийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлөн ядуурал, амьдралын түвшний ялгааг улам нэмэгдүүлсээр байна. Иргэдийн орлого амьдралд нь хүрэлцэхгүй, үнийн өсөлт, авлига, хээл хахууль, хүнд сурталд дарамтлагдаж, өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн онгон байгаль маань сүйдэн бохирдож, монгол хүний аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна.  Цөөн тооны уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, тэдгээрийн дэлхийн зах зээл дэх үнийн төлөв байдлаас хамааралтай манай улсын эдийн засаг эмзэг, хараат байдалтай байсаар байна. Иймээс иргэдийнхээ санал санаачлагад суурилан тэдний оролцоотойгоор эдийн засаг, нийгмийн шинэчлэлийн бодлогыг эхлүүлэх, хэрэгжүүлэх зорилтыг биелүүлэхээр Улсын Их Хурал, Засгийн газраас дорвитой шийдэмгий алхмууд хийх шаардлагатай байна" гэдгийг онцлов. Улмаар тэрбээр УИХ-ын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлуудыг танилцуулснаар Төрийн дуулал эгшиглэж намрын чуулганы нээлт өндөрлөлөө.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top