УИХ-ын намрын чуулган нээгдсэн энэ өдөр УИХ-ын гишүүн О.Баасанхүү чуулганы завсарлагаар хөдөө орон нутагт яваад ирсэн тухайгаа дөрвөн асуудал дээр тогтож сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Төрийн ордны хуралдааны В танхимд хийсэн энэхүү мэдээлэлдээ О.Баасанхүү гишүүн эн түрүүнд орон нутгийн сонгуулийн хууль батлагдсан нь хөрсөн дээрээ хэрхэн бууж, орон нутгийн засаг захиргаа энэ хуулийг хэр хэрэгжүүлж байгаа, хоёрдугаарт, Барилгын тухай болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиуд, тэдгээртэй холбоотой бусад хууль тогтоомжийн биелэлтийг шалгаж, санал дүгнэлт гаргах Ажлын хэсгийн гишүүний хувиар төвийн бүс, түүний дотор Дархан, Эрдэнэт, Булган, Архангай, Өвөрхангай аймгуудад барилга байгууламжийн аюулгүй ажиллагаа ямархуу байдалтай байгааг судалсан тухайгаа ярилаа. Тэрбээр бас УИХ-д намын жагсаалтаар сонгогдон орж ирсний хувьд төлөөлөлгүй байгаа аймгууд, тухайлбал, Өвөрхангайн ард иргэдийн санал бодлыг сонсох, саяхан болж өнгөрсөн хоёр шатны шүүх хуралтай холбогдуулан МАХН-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын талаарх ард иргэдийн сэтгэгдэл, эвслийн гэрээний талаарх намуудын байр суурийг судлахад анхаарч ажилласан байна.
Түүний өгүүлснээр бол орон нутгийн сонгуульд хөдөөгийн ард иргэд ихээхэн санаа зовж байгаа аж. Дүн өвлөөр буюу 11 дүгээр сарын 21-нд отрын бүс нутгийнхан болон хүүхэд, мал хоёрынхоо араас явж байдаг хүмүүс сонгуульд оролцоход төвөгтэй, сонгуулийн хэсгийн хороодод ажиллаж буй иргэд, цагдаагийн байгууллагын ажилтнуудын сонгуульд оролцох боломж, оюутан, гадаадад байгаа хүмүүсийн шилжилт хөдөлгөөний асуудал гүйцэд шийдэгдээгүй зэрэг хүндрэл учирч байгаа гэнэ.
Үндсэн хууль ёсоор УИХ-ыг 76 гишүүнтэйгээр бүрдүүлэх ёстой атал хүн амын зарим хэсэг төлөөлөлгүй, МАХН, Өвөрхангайгаас сонгогдсон хүмүүсийн асуудлыг шийдээгүй зэргээр сонгогчдын эрх ашгийг хохироож байгаад орон нутгийн ард иргэд гомдолтой байгаа юм байна. Тиймээс О.Баасанхүү гишүүн УИХ-ын гишүүнийхээ эрхийн дагуу ирэх долоо хоногт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр Батлан хамгаалах яам, Сонгуулийн ерөнхий хорооны ажилтнуудыг дуудан оролцуулж Э.Батшугар, Ц.Оюунбаатар нарын талаар саналыг нь сонсох бодолтой байгаагаа мэдэгдлээ.
Э.Батшугарын хувьд цэргийн үүрэгт албаа хаасан эсэх нь эргэлзээтэй хэмээн жагсаалтаас хасагдсан бол БХЯ-наас ирүүлсэн бичигт цэргийн алба хаасан гэж үзсэн тул СЕХ-ныхныг байлгаж байж саналыг нь сонсох хүсэлтэй байгаагаа тэрбээр тайлбарласан юм. Ер нь сонгох, сонгогдох эрхийг ард түмэн эдэлдэг тул шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй л бол цагдаагийн байгууллага ард түмний эрхийг цензурдэн гацаах ёсгүй, тиймээс эрх бүхий байгууллагынх нь мэдээллийг сонсоно гэж тэрбээр мэдэгдээд эцэст нь Дэлхийн өвийн сан, Соёлын яам, орон нутгийн засаг захиргаа гэсэн гурван байгууллага хариуцдаг эртний түүхт Эрдэнэзуу хийд үлийн цагаан оготно, харх хоёртоо баригдаж, шарилж луулиндаа дарагдан соёлын үнэт өв - музейн үзмэрүүд устах аюул нүүрлээд байгааг дуулгалаа.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )