НББСШУБХ-ны хуралдаан боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 02

 

Дөнгөж сая НББСШУБХ-ны хуралдаан боллоо. Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хуралдааны эхэнд хэлэлцсэн юм. Уг хуульд агуулгын хувьд бус зөвхөн нэршлийн өөрчлөлт оруулах талаар ярилцсан юм. Тодруулбал хөдөлмөрийн гэдэг үгийг нийгмийн даатгалын гэж өөрчилж байгаа ажээ. Өөрөөр хэлбэл 100 хувийн саналаар эхний асуудал дэмжигдэв.

Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг хийх эсэхийг үүний дараа шийдвэрлэв. Олон нийт дам тамхидалтад өртөж байгаа бөгөөд үүнийг таслан зогсоох болон хуулийн хэрэгжилтийг чангатгах зорилгоор зарим нэг нэмэлт өөрчлөлт оруулж байгаа гэнэ. Тухайлбал тамхи үйлдвэрлэгчидтэй харьцах харьцааг ил тод болгох, тамхины хяналтын хуулийн хүрээнд төр, иргэний хүлээх үүргийг дэлгэрэнгүй болгох зэрэг хэд хэдэн зүйлийг тусгасан байна. Хууль хэрэгжсэнээр утаат тамхи татахыг хориглосон газрын тоог нэмж, тамхины ил далд сурталчилгааг таслан зогсоож, хууль зөрчигч этгээдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгах  ажээ.  

Энэхүү хуулийн төслийг байнгын хорооны ихэнх гишүүд дэмжсэн. Тухайлбал С.Оюунгэрэл гишүүн тамхины хор уршгийг уран сайхны аргаар урт хугацааны турш хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг зөвлөв. УИХ-ын гишүүн Г.Уянга: Орон сууцны орц, оюутны байр, гудамж талбайд тамхи татахыг хориглох нь зүйтэй. Үүнийг хэлэлцүүлгийн явцад боловсронгуй болгох байх. Хариуцлагыг шат дараатай болгож, мөнгөн төлбөр, албадан ажил эрхлүүлэх зэрэг арга хэмжээг хувь хүмүүст авах нь зүйтэй. Л.Эрдэнчимэг гишүүн: Нэмэлт өөрчлөлтийг энэ чигээр нь оруулахгүй. Харин хариуцлагыг нь чангатгах хэрэгтэй гэх мэтээр маш олон нэмэлт өөрчлөлтийг хэлэв.

Тамхитай холбоотой хэдэн тоо баримтын талаар дуулгахад: Манай улсын хувьд тамхи үйлдвэрлэдэг найман компани байдаг ажээ. Эдгээрээс өнөөдрийн байдлаар идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь хоёр гэнэ. Аливаа тамхины нэр нь өөрөө тамхичдад сэдэл төрүүлдэг болохоор  цөөн улсад бүх тамхийг ижил хайрцаг, савлагаатай байдлаар худалдаанд гаргажээ. Манай улсын тамхины ОАТ олон улстай харьцуулахад бага учир нэг хүнд оногдох янжуур тамхины тоо маш өндөр бөгөөд энэ тоо нэмэгдсээр байгаа гэнэ. Барууны орнуудад утаа мэдрэгч байдаг тул тамхи нууцаар татаж байгаа “нөхөр”-ийг илрүүлж, торгуулийн хэмжээ оногдуулдаг.

Байнгын хороон дээр тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлснээр энэ удаагийн байнгын хорооны хуралдаан өндөрлөв.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top