Киргизийн парламентчид Монголын ардчиллыг өндөр үнэлэв

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 09

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Киргизстан Улсын Парламент-Жогорку Кенешийн гишүүн, СДПК намын бүлгийн дарга Ч.А.Турсунбеков тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтанд УИХ дахь Монгол-Киргизстаны бүлгийн дарга А.Бакей, тус бүлгийн гишүүн Д.Ганбат болон албаны бусад хүн оролцов.

УИХ-ын дарга Монголын газар нутагт хүрэлцэн ирсэнд нь Киргизийн төлөөлөгчдөд баяр хүргэж, монголчууд эртнээс нааш түүх, соёлын хэлхээ холбоотой явж ирсэн Киргизийн ард түмэнд халуун дулаан сэтгэлээр хандан, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өндөр үнэлж хүндэлдгийг онцлоод энэ оны дөрөвдүгээр сард Киргизийн Ерөнхийлөгчийн урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус улсад төрийн айлчлал хийсэн нь хоёр орны харилцаанд томоохон түлхэц болсныг тэмдэглэлээ.  

УИХ-ын дарга Монгол Улс БНКирУ-тай дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ жил тохиож байгаа, өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Киргизийн парламентын дэд дарга Бакыт Торобаев тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчлахдаа УИХ-ын дэд дарга Н.Энхболд болон УИХ дахь хоёр намын бүлгийн дарга, зарим гишүүдтэй уулзаж, УИХ, түүний Тамгын газар, улс төрийн намуудын үйл ажиллагаатай танилцсан, мөн Киргизийн Ерөнхийлөгч асан хатагтай Роза Отунбаева өнгөрсөн зуны наадмаар манай оронд айлчилсны дээр Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг /АОХН/-ийн хүрээнд зохиогдсон олон улсын эмэгтэйчүүдийн чуулга уулзалтанд оролцсон, Киргизийн нийслэл Бишкек, Улаанбаатар хот хоёрын хооронд агаарын шинэ зам нээгдсэн зэргээр манай хоёр орны харилцаа хөгжиж байгааг дурдав. Тэрбээр мөн Киргиз-Монгол хоёр улс адилхан ардчилсан засагтай, ардчиллын үнэт зүйлийг өндөр үнэлдгийн хувьд аль алинд нь биеэ биеэсээ суралцах, алдаа оноогоо хуваалцах, нэг нэгийгээ нөхөн баяжуулах зүйл цөөнгүй байгаа гэж үзэж буйгаа илэрхийлээд Далайд гарцгүй орнуудын олон улсын судалгааны төвийг Монголд байгуулах асуудлыг Киргиз улс дэмжиж буйд талархаж, энэ төвийн үйл ажиллагаанд тус улс нэгдэн орно гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

Киргизийн төлөөлөгчдийн тэргүүн Ч.А.Турсунбеков УИХ-ын ээлжит сонгуульд Ардчилсан нам ялж, УИХ-ын даргаар сонгогдсонд УИХ-ын дарга З.Энхболдод баяр хүргээд “Монгол Улс энэ жил АОХН-ийг тэргүүлж байгаа нь ардчилал хөгжсөн орнууд танай ардчиллын ололт амжилтыг өндөр үнэлж байгаа хэрэг. Тиймээс бидэнд та бүхнээс суралцах зүйл их бий” гэлээ. Тэрбээр Киргизэд болсон ардчилсан өөрчлөлтийн дүнд парламентын тав дахь удаагийн сонгуулиар таван намын төлөөлөл бүхий 120 гишүүнтэй парламент таван жилийн хугацаатай сонгогдсон тухай өгүүлж, одоогийн Жогорку Кенешийн бүтэц, үйл ажиллагаанаас товч танилцуулав. Ноён Ч.А.Турсунбеков бас манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа тодорхой хэмжээгээр урагшилж буй ч худалдаа-эдийн засгийн харилцаа урьдын түвшинд хүрэхгүй байгаа, үүнээс гадна хоёр орон боловсрол, соёлын салбарт хамтран ажиллах боломжтойг дурдаж, хуучнаар ЗХУ-ын үед Киргизэд монгол охид хөвгүүд олноороо сурдаг байсан бол одоо 40 орчим хүн боловсрол эзэмшиж байгааг дуулгалаа. Тэрбээр бас манай хоёр орон газарзүйн төрх байдал, хөдөө аж ахуйн хөгжил, түүний дотор мал аж ахуй, нутаг бэлчээрийн хувьд ойролцоо тул энэ чиглэлээр хамтран ажиллах, Киргизээс Монголд хуурай жимс жимсгэнэ зэрэг экологийн цэвэр бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтой болохыг дурдлаа.

Киргизийн төлөөлөгчид УИХ-ын даргаас Монголын парламентын бүтэц бүрэлдэхүүн, төсөв санхүү, чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хороодын хуралдааны хуваарь, УИХ-ын гишүүдийн хангамж, томилолтын зардал ямар байдгийг лавлаж, сард хэчнээн хууль тогтоомж хэлэлцэн баталдаг, УИХ-ын шинэ дарга парламентын үйл ажиллагаанд ямар шинэлэг санаа нэвтрүүлсэн, Монгол Улсын Ерөнхийлөгч парламентын өмнө ажлаа тайлагнадаг эсэх, Монголын эдийн засгийн өсөлт хэр үргэлжилж байгаа зэрэг олон асуултдаа тодорхой хариулт авлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top