Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нөхдийн хамт С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 02

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн С.Оюун болон журмын нөхөд нь нэрт улс төрч С.Зориг агсныг хүндэтгэн хөшөөнд нь өнөөдөр цэцэг өргөлөө.

Ерөнхийлөгч хүндэтгэл үзүүлэн хөшөөнд цэцэг өргөснийхөө дараа сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “С.Зоригийн амь насыг харгисаар хөнөөсөн энэ өдөр жил бүр анд нөхөд нь, гэр бүлийнхэн нь, бас олон хүн энд ирж хүндэтгэл үзүүлдэг. Энд нэг зүйлийг хэлэх нь зөв байх гэж бодож байна. С.Зоригийн амь насыг зэрлэгээр хөнөөсөн хэргийн эзэн холбогдогчийг илрүүлэх ёстой гэсэн байр суурийг би байнга баримталдаг.
 
Жилийн өмнө ҮАБЗ-ийн хурлаар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотой асуудлыг сонссон. Ерөнхийлөгч болсноосоо хойш энэ асуудалд багагүй анхаарч байгаа. Ер нь ажиглаж байгаад энэ хэргийг шалгаж байсан ажлын хэсгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх шаардлагатай юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Ажлын хэсгийн ажил сайн явж өгөхгүй байгаа тухай ажлын хэсгийнхний зүгээс надад хандаж тодорхой санал хүсэлтүүд тавьсан.
 
Яг жилийн өмнө улсын Ерөнхий прокурорын сонсголыг сонссон. Мөн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг анхнаас нь шалгаж байгаа ажлын хэсгийн хүмүүсийн санал дүгнэлтийг сонссон. Их Хурлын, түүний тодорхой байгууллагуудын зүгээс хийх шаардлагатай ажлууд бий. Засгийн газрын тодорхой байгууллагуудын зүгээс ч анхаарах шаардлагатай ажлууд байгаа. Мөн хууль хяналтын үйл ажиллагааг нэгтгэн удирдаж ажиллах шаардлагатай байгаа юм.
 

Яг жилийн өмнө ҮАБЗ-өөс энэ хэргийг шалгахтай холбоотой асуудлаар шаардлагатай шийдвэрийг бид гаргасан. Энэ чиглэлээр хийх шаардлагатай, шалгах шаардлагатай ажлууд бий. Өмнө нь ер нь ажлын хэсгийн үйл ажиллагаа нэлээн саармагжсан, санаатай санаагүй байдлаар тэнд эхнээс нь ажиллаж байсан хүмүүсийг өөр тийш нь шилжүүлж томилсон. Ажлын хэсгээс тавьж байгаа санхүүгийн болон бусад шалгах шаардлагатай асуудлууд дээр хойрго хандсан зүйл байсан. Одоо бол энэ бүх зүйлийг Аюулгүй зөвлөлийн хурлын хүрээнд жилийн өмнө сонсож цэгцэлсэн байгаа. Энэ хэргийг шалгах үйл ажиллагаанд ахиц дэвшил гарна гэдэгт итгэлтэй байгаагаа өнөөдөр хэлэх зөв байх гэж бодож байна” гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top