Барилгын тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиуд болон бусад хууль тогтоомжийн биелэлтийг шалгах үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн өргөтгөсөн хуралдаан болж барилгын салбарын аюулгүй ажиллагааны байдал, хяналтын үйл ажиллагаа, хуулийн хэрэгжилтийн талаар санал солилцлоо.
Хуралдаанд УИХ-ын ажлын хэсгийн гишүүн Ж.Батзандан, Ж.Батсуурь, С.Ганбаатар, О.Баасанхүү, Д.Ганбат, Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа, Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дарга, ажилтнууд, Барилгачдын холбоо, Барилгын ассиоциаци, Ажил олгогч, хөдөлмөрийн аюулгүй байдлын хүрээлэн зэрэг байгууллагын төлөөлөл оролцсон юм.
Ажлын хэсгийн хуралдааны эхэнд тус ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ж.Батзандан хуралдаанд оролцогчдыг танилцуулсан. Үүний дараа хуралдаанд Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр товч мэдээлэл хийв. Тэрээр УИХ-аас 9 дүгээр сарын 18-нд ажлын хэсэг гаргаснаас хойш нийслэлийн ИТХ-аас тодорхой арга хэмжээ авч, одоогийн байдлаар 80 барилга зөвшөөрөлгүй гэсэн ангилалд ороод байгааг хэлээд шалгалтын явцад дөрөв нь зөвшөөрөлтэй буюу НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоол гарахаас өмнө зөвшөөрлөө авсан байсан. Холбогдох ажилтнуудын хариуцлагагүйгээс болоод эдгээр барилгуудыг зөвшөөрөлгүй гэж бүртгэгдсэн байна. Харин 31 барилга газрын зөвшөөрөлтэй, зураг нь батлагдсан буюу барилга барьж “эхлэх” зөвшөөрөлтэй ч хуулийн дагуу барилга ”үргэлжлүүлэн барих” зөвшөөрлөө мэргэжлийн хяналтын байгууллагаас аваагүй байсан нь тогтоогдоод байгаа тухай хэлж байв. Газрын эрхийн зөвшөөрөл огт аваагүй ганц барилга байгаа нь “Авзага трейд” компанийн барилга байна. Мөн “Тэмүүлэн баатар” ХХК барилга барихаар зөвшөөрөгдсөн талбайгаа нэг дахин нэмж хэтрүүлсэн. Үлдсэн 43 барилгын тухайд цаашид үргэлжлүүлэн шалгах шаардлагатай байна гэлээ. Мөн тэрээр барилгын салбарын хууль, эрх зүйн орчин нийслэлийн хэмжээнд сул байгааг дурьдаад, нэг барилга барихад 100 гаруй зөвшөөрөл, хөөцөлдөөд явахад 200 өдөр шаардагддаг их хүнд сурталтай, иймээс цаашдаа ажлын хэсгээс гаргах саналд энэ салбарт “нэг цонхны” үйлчилгээтэй болгох талаар санал тусгах шаардлагатай байгааг хэлж байв.
Харин түүний мэдээлэлтэй холбогдуулан тус ажлын хэсгийн гишүүн Ж.Батсуурь, хуулийн орчны талаар санал нийлэхгүй байгаагаа хэлээд хэрэгжүүлээд явахад тийм муу хуультай салбар бишээ. Төрийн захиргааны байгууллага иргэддээ үйлчилгээгээ үзүүлэх ёстой байтал зарим албан хаагчид бэрхшээл бий болгоод, “сүүдэр тусгадаг” байдал ажиглагддаг. Дээрх дөрвөн барилгын хувьд хариуцлагагүй албан хаагчаас болоод иргэдийг, ААН-ийг буруутай мэтээр чирэгдүүлсэн байгаа нь харагдаж байна. Ер нь нийслэлийн аль нэг барилга руу яаж хүрч очих нь ойлгомжгүй, хоёр машин зөрөөд явчих боломжгүй замтай болгочихсон барилга маш олон бий шүү дээ. Ийм байхад 80 барилга шалгачихаад хуралдаан болгоны дараа хасагдсаар ганцхан “Авзага трейд” л газраа хураалгах байдал бий болох юм шиг байна. Ингэж ойлгогдож байна гэсэн.
Түүнчлэн МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Гүньбазар зөвшөөрөлгүй барилгын талаар хэлэхдээ, 6-7 сарыг дуусталх хугацаанд хийгдсэн шалгалтаар энэхүү 80 барилгын судалгаа хийгдсэн байсан. Үүнээс хойш шалгалт хийгдэж байгаа бөгөөд 594 барилгыг шалгалтад хамруулснаас 168 барилга ямар нэг байдлаар зөрчилтэй гэж гарсан тухай мэдээлсэн.
Энэ үеэр ажлын хэсгийн ахлагчийн зүгээс Мэргэжлийн хяналтын байгууллага барилгын гүйцэтгэлд явцын хяналт тавьдаггүй. Барилга дууссаны дараа л гүйцэтгэлийн хяналт хийдэг нь барилгын чанарт сөргөөр нөлөөлдөг. Явцын хяналт хийгээгүйгээс эрдэнэт хүний амь эрсдэх тохиолдол ихээр гарах болсныг хяналтын байгууллага анхаарч иргэдээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахын тулд бид ажиллах ёстойг анхааруулсан. Мэргэжлийн хяналтын байгууллагын байцаагч нар барилга буулгах зөвшөөрөлгүй гэдэг. Гэвч хуульд энэ талын эрх мэдэл байгааг УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлж байлаа.
Хуралд оролцогчид барилгын салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, хууль, эрх зүйн орчинг шинэчлэх, аюулгүй байдлыг дагаж мөрдөх, сургалт явуулж байх зэрэг арга хэмжээ авах хэрэгтэй байгааг хэлэхийн сацуу барилга барьж буй байгууллага, ААН үйл ажиллагаандаа хариуцлагатай хандаж Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хэм хэмжээг чанд сахиагүйгээс осол эндэгдэл гарах гол шалтгаан болоод буйг ч мэргэжлийн байгууллагын ажилтнууд тэмдэглэж байлаа.
Сэтгэгдэл ( 0 )