Монгол Улс шинэ холимог тогтолцоогоор парламентын сонгуулиа зохион байгуулж, гадаадад байгаа иргэдийнхээ саналыг авч мөн маш шахуу богино хугацаанд санал авах, тоолох автоматжуулсан системийг ашигласан зэрэг олон шинэ зүйлийг амжилттай хэрэгжүүлжээ. Цаашид ийнхүү амжилтаа улам бататгах хэрэгтэй байгаа бөгөөд үүнд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна гэдгээ НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн зөвлөхүүд онцлон тэмдэглэв.
Тус Хөтөлбөрийн сонгууль хариуцсан зөвлөх Жулиа Баллингтон, Пол Гуэрин,Саймон Финли нар Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр Улсын Их Хурлын 2012 оны сонгуулийн туршлага, сургамж, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн дэмжлэг туслалцааг ямар асуудалд хандуулах зэрэг асуудлаар судалгаа хийснээ Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны удирдлагад танилцууллаа.
Гадаадын судлаачид Улсын Их Хурал, Засгийн газар болон монголын улс төрийн намууд, хэвлэл, мэдээллийн байгууллагууд, сонгуулийн зарим тойргийн хороодын ажилтнууд, сонгогчдын төлөөлөлтэй тус тус уулзаж сонгуулийн эрх зүйн орчны шинэчлэл, хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудлын талаар санал солилцсон байна.
Монгол Улс сонгуулийн шинэчлэлийг богино хугацаанд амжилттай хийснийг тэд тэмдэглээд монголын улс төрийн намуудыг төлөвшүүлэх чиглэлээр эрх зүйн орчинг бүрдүүлэх, иргэдийн улс төрийн мэдлэг, боловсролыг нэмэгдүүлэх замаар сонгуулийн шинэчлэлийн бодлогыг үргэлжлүүлэн дэмжинэ гэдгээ НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн судлаачид илэрхийлэв.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )