О.Баасанхүү барилгын салбарт муу дүн тавилаа

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 04

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Сөүлийн гудамж буюу Сүхбаатар дүүргийн 1-р хороо, нийслэлийн Нэгдүгээр сургуулийн замын урд талаас эхлэн хуучнаар хүүхдийн 100 дугаар дэлгүүр хүртэлх газарт баригдаж буй 6-7 барилгад шалгалт хийв. Шалгалтын бүрэлдэхүүнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн газрын алба, Барилга хот байгуулалтын газрын мэргэжилтнүүд оролцлоо. Дээрх барилгууд нь Ерөнхий боловсролын сургуулийн ойролцоо болон зөвшөөрөлгүй, эсхүл авсан зөвшөөрлөөсөө өөр зориулалтаар баригдаж байгаа юм. Тиймээс хүүхдийн аюулгүй байдлыг хэрхэн хангасан талаар илүүтэй анхаарлаа хандуулж байна. Тодруулбал, Нэгдүгээр сургуулийн замын урд байрлах Чонон Бөртэ төвийн урд Монгол-Энэтхэгийн хамтарсан сургуулийн өргөтгөл барина хэмээн Нийслэлийн газрын албанаас “Уран суварга” хэмээх компани зөвшөөрөл авчээ. Гэтэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт уг газрын эзэмшигч нь иргэн н.Бат-Эрдэнэ хэмээн бүртгэгдэж, барилга сургалтын зориулалтаар бус 10 давхар үйлчилгээ, оффисын зориулалтаар баригдаж, өдгөө 7 давхрыг хэдийн барьж амжжээ. Үүгээр ч зогсохгүй уг барилгын хажуухан талд "Болор мэлмий" нүдний эмнэлгийн байрыг нурааж буурин дээр нь 17 давхар хоёр орон сууц барихаар газраа ухаж эхэлсэн байна. Энэ байдлыг эсэргүүцэн ойр хавийн зургаан байрны 300 гаруй оршин суугчид холбогдох газруудад өргөдөл гаргасан ч ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна. Хэдийгээр энэ газрын эзэмшигч болох "Болор мэлмий" компани өөрийн газартаа барилга барих эрхээ авсан ч ойр хавийн хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламжийг устгаж, талбайн хэмжээг заасан хэмжээнээс хэтрүүлсэн зөрчил гаргажээ.

Мөн Монгол-Энэтхэгийн хамтарсан сургуулийн хажууд бөөрөө нийлүүлэн “Хурган Мөнх” ХХК-ийн оффисийн зориулалттай 15 давхар барилга сүндэрлэж байна. Газрын зөвшөөрлөө авсан гэх уг барилга хөдөлмөр аюулгүйн ажиллагааны тал дээр дутагдалтай байсан.

Энэ мэтчилэн хотын төвийн зургаахан барилгыг шалгахад л хэн, хаанаас, хэзээ зөвшөөрөл өгсөн, яаж олгодог, хэний эзэмшлийнх, ямар зориулалтаар баригдаж байгаа болон хөдөлмөр аюулгүй ажиллагааны талаар гээд тодорхойгүй, зөрчилтэй зүйлс нэлээдгүй байлаа. Тиймээс УИХ-ын гишүүн О.Баасанхүү дээрх зүйлсийг тодруулж, зөвшөөрөл олгодог холбогдох албаны хүмүүсийг шалгах хүсэлт гаргахаар Авлигатай тэмцэх газрыг зорьсон юм. Тус газрын Тамгын хэлтсийн дарга Ж.Наранбаатартай уулзаж, ажлын хэсэг байгуулж, шалгалт явуулж, хуулийн хугацаанд хариу мэдэгдэхийг хүслээ.

Дашрамд тэмдэглэхэд, УИХ-аас ажлын хэсэг байгуулагдсанаас хойш нийт 600 гаруй барилгад шалгалт хийсэн бөгөөд үүнээс 100 орчим барилгын ажлыг зогсоож, 31 барилгыг шүүхэд өгөөд байгаа ажээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top