Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2012.10.03/ хуралдан "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдэв.
2012 он гарсаар дэлхийн эдийн засгийн өсөлт зогсонги байдалд орж, Евро бүсийн өрийн хямрал гүнзгийрсэн нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг сааруулж, тэр дундаа Хятадын аж үйлдвэрийн салбарт сөргөөр нөлөөлж суурь металл, аж үйлдвэрлэлийн үндсэн түүхий эдийн эрэлтийг бууруулаад байгаа аж. Түүхий эдийн эрэлтийг дагаад манай улсын экспортын гол бүтээгдэхүүнүүд болох нүүрс, төмрийн хүдэр, цайр зэрэг түүхий эдийн үнэ буурч, зэсийн үнэ ихээхэн тогтворгүй байна. Ойрын хугацаанд Евро бүсийн өрийн хямрал, АНУ-ын төсвийн хүндрэл арилахааргүй байгаагаас дэлхийн эдийн засгийн өсөлт үргэлжлэн саарч, Хятадын эдийн засгийн өсөлт удаашрах, улмаар энэ нь түүхий эдийн эрэлт, үнэ буурах эрсдэлийг нэмэгдүүлж байна гэж Монголбанкны удирдлага үзжээ.
Эдийн засгийн өндөр идэвхжил, махны үнийн өсөлтөөс шалтгаалж эхний хагас жилд эрчимжиж байсан инфляци 7 дугаар сараас хойш буурах хандлагатай байгаа гэж тус банкны ерөнхийлөгч хэлсэн. Тухайлбал, жилээр тооцсон инфляци 2012 оны 8 дугаар сарын эцсийн байдлаар 15.6 хувьд хүрсэн нь энэ оны зорилтот түвшнээс өндөр байгаа хэдий ч хүнс, шатахууныг хасч тооцсон суурь инфляци 11.1 хувь байна. Энэ нь эрэлтийн шалтгаантай инфляцийн дарамт буурч буйг илтгэнэ. Түүнээс гадна нийлүүлэлтийн шалтгаантай инфляцийн дарамт энэ оны сүүлийн хагас жилд буурахаар байгаа тул оны эцэст инфляци зорилтот түвшин ойрхон гарахаар байгаа гэв.
Төсвийн төлөв, махны үнийн хэлбэлзэл болон төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь 2013 оны инфляцид нөлөөлөх гол хүчин зүйлс хэвээр байхаар байна гэлээ. 2013 оны 1 дүгээр сараас Төсвийн тогтвортой байдлын тухай хууль хэрэгжиж эхэлснээр төсвийн бодлого мөчлөг сөрсөн хэлбэрээр хэрэгжиж эхлэх тул инфляцид үзүүлэх дарамт бага байх боломж бүрдэнэ. Харин төгрөгийн нэрлэсэн ханшийн хувьд сулрах дарамт 2013 оны эхний хагас хүртэл өндөр хэвээр байж болзошгүй. Эдгээр хүчин зүйлс нь инфляцийн төлвийг тодорхойлохоос гадна инфляцийн төсөөллийн тодорхой бус байдлыг бий болгож байгаа аж.
Ирэх онд Мөнгөний бодлогын арга хэрэгслээр инфляцийг тогтвортой нам түвшинд байлгаж, Засгийн газартай хамтран нийлүүлэлтийн гаралтай инфляцийн нөлөөллийг хязгаарлах бодлого баримтална хэмээн 2013 оны мөнгөний бодлогын төсөлд тусгажээ. Үүний үр дүнд хэрэглээнийүнийн индексээр хэмжигдэх инфляцийг 2013 оны эцэст 8 хувиас хэтрүүлэхгүй байж, улмаар 2014-2015 онд инфляцийг 5-7 хувийн түвшинд байлгах нөхцөлбүрдүүлнэ гэж тооцсон байна.
Монголбанк 2013 онд инфляцид нөлөөлөх хүчин зүйлсийн өөрчлөлт, хандлагыг анхааралтай ажиглан инфляцийн зорилтыг хангаж, энэхүү үндсэн зорилтын хүрээнд санхүүгийн тогтвортой байдлыг хангах замаар эдийн засгийн тогтвортой өсөлтөд дэмжлэг үзүүлэх мөнгөний бодлогын холбогдох арга хэмжээг авч ажиллана гэж төлөвлөжээ. Макро эдийн засгийн тогтвортой байдал, тэр дундаа үнийн тогтвортой байдлыг хангах зорилт нь төсвийн зохистой бодлого, нийлүүлэлтийн хомсдлыг арилгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээтэй хосолсноор л амжилттай хэрэгжих боломжтой хэмээн онцлон тэмдэглэсэн. Түүнчлэн Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэж уян хатан тогтох зарчмыг үргэлжлүүлэн баримтална гэжээ.
Мөн Мөнгөний бодлогын шийдвэр гаргах үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлэх, мөнгөний бодлогын үндсэн зорилтын хэрэгжилтийг олон нийтэд тогтмол тайлагнах замаар Төв банкны хариуцлагыг сайжруулна гэж тусгажээ. Банкны салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх хүрээнд банкуудын өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг нэмэгдүүлэн салбарын эрсдэл даах чадварыг дээшлүүлэхээр ч тусгасан байна. Олон улсад мөрдөгдөж буй хяналт шалгалтын зарчим, зохицуулалтын арга хэрэгслийг банкны салбарын үйл ажиллагааны онцлогтой уялдуулан эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг боловсронгуй болгох тухай заалт мөн оруулжээ.
Монголбанк 2013-2015 онд бэлэн бус төлбөр тооцооны хосолмол (чип,соронзон тууз, зайнаас хандах технологи хосолсон) карт гаргах, иргэний ухаалагүнэмлэхийг төлбөр тооцоонд ашиглах, интернетийн орчинд төлбөр хийх боломжийгболовсронгуй болгох ба хөдөлгөөнт банкны үйлчилгээний нэгдсэн системийг нэвтрүүлж, төлбөр тооцооны системийн шинэчлэлийг эрчимжүүлэх төлөвлөгөөтэй байна. Монголбанкнаас үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийг бэлгэдэн нэрлэсэн үндэснийбрэнд Ґ картыг нэвтрүүлэх ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулах бөгөөдцаашид энэхүү Ґ карт дээр тулгуурлан төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх боломжийг өргөтгөх, гар утастай холбох, банкны үйлчилгээнд бүрэн хамрагдах боломжоор хязгаарлагдмал хөдөө орон нутгийн иргэдэд мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан банк, санхүүгийн үйлчилгээг шуурхай хүргэж, бэлэн бус төлбөр тооцооны хүртээмжийг нэмэгдүүлэх ажээ.
Гишүүд танилцуулгатай холбогдуулан асуулт асууж хариултаа авсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Сэтгэгдэл ( 0 )