Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах асуудлаар хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 04

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны аравдугаар сарын 3-ны Лхагва гарагийн хуралдаанаар хүнстэй холбоотой хоёр хуулийн төслийг хэлэлцэж эдгээр төсөл дэх давхардал, зөрчил, хийдлийг арилган боловсруулж,  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулахаар боллоо.

Өргөн барьсан цаг хугацааны хувьд өөр энэ хоёр төслийн эхнийх буюу Хүнсний тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг Засгийн газраас, харин Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий 10 гишүүн тус тус боловсруулжээ.

1999 онд батлагдсан Хүнсний тухай хуульд хүнсний хангамж, хүртээмж, тэжээллэг чанарыг хамгаалах, хүн амыг зохистой хооллох талаар хэрэглэгчийн эрүүл мэндэд чиглэсэн зохицуулалт бага, харин аюулгүй байдал, эрүүл ахуйг хангахад чиглэсэн үйл ажиллагааны зохицуулалт түлхүү тусгагдсан байсан ч хүсний эрүүл ахуй шаардлагын түвшинд хүртэл хангагдаж чадахгүй байгааг ҮХАА-н сайд Х.Баттулга хуулийн төслийг танилцуулахдаа дурдлаа. Шинэчлэн найруулсан хуулийн төсөл нь хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах, хүний эрүүл мэндийг дэмжин хамгаалах, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилготой бөгөөд үүнийг хэрэгжүүлэхийн тулд салбар хоорондын ажлын уялдаа холбоог зохицуулах үүрэг бүхий Үндэсний зөвлөл ажиллахаар зааж, түүний бүрэлдэхүүнийг баталж байхаар тогтсон байна.

 Төслийн танилцуулгатай холбогдуулан асуулт тавих, санал хэлэх гишүүн байгаагүй бөгөөд Засгийн газраас оруулж ирсэн эл төслийг хэлэлцэхийг байнгын хороо дэмжихээр болж, хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Х.Болорчулуун гишүүн оруулахаар боллоо.

Үүний дараа Д.Тэрбишдагва нарын 10 гишүүний өргөн барьсан Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэхэд хүн амын эрүүл мэнд төдийгүй улс орны үндэсний аюулгүй байдалтай холбоотой энэ асуудлаар олон гишүүн асуулт тавьж, санал бодлоо хэлсэн юм. Тухайлбал, Ц.Оюунгэрэл гишүүн хүнс үйлдвэрлэгчид, ялангуяа зам дагуу үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд хөндлөнгөөс учирдаг зарим саад бэрхшээл, замын тоос шороо, байгалийн гамшиг зэрэг давагдашгүй хүчин зүйлийн улмаас аюулгүй хүнс үйлдвэрлэх баталгаа алдагддаг тул энэ талын зохицуулалтыг хуульд оруулж өгөх, С.Дэмбэрэл гишүүн хоёр хуулийг хооронд нь сайтар уялдуулж давхардлыг арилгах, хүнсний стандарт, техникийн зохицуулалт, бар код, органик хүнсний  асуудлыг тусгах, байнгын хорооны дарга Г.Баярсайхан Азийн орнуудад мөрдөж буй кодексийн стандартыг хуульд суулгаж өгөх нь зүйтэй гэсэн саналтай байлаа.

Мөн Л.Эрдэнэчимэг гишүүн дотоодын хүнс үйлдвэрлэгчдийн хувьд импортоор хүнс оруулж ирэхээс илүү саад бэрхшээл учирдгийг дурдаад Монголын талаас импортлогчдод тавих хяналтыг сайжруулах, тэдний үйл ажиллагааг газар дээр нь шалгах нь зүйтэй гэсэн санал дэвшүүлэв. Тэрбээр мөн хүнс шиг оруулж ирээд эм шиг, тэгэхдээ их үнэтэй борлуулж буй хүнсний нэмэлт бүтээгдэхүүний асуудлыг хуульд тусгах нь чухал гэсэн санаа дэвшүүлсэн. Харин Х.Болорчулуун гишүүн гаднаас нийлүүлж буй бүтээгдэхүүн албан ёсны ямар ч судалгаа шинжилгээгүй, ганзагаар дамжин орж ирж байгааг анхааруулж, дэлхий нийтээр татгалзаж буй генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүний асуудал дээр Засгийн газар батлах бус, бүр хориглох нь зүйтэй. Монголчууд ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй, экспортолж импортлохгүй, эртнээс нааш экологийн цэвэр бүтэгдэхүүн хэрэглэж ирсэн, генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн хэрэглэхгүйгээр хүн амаа тэжээж чадах улс гэдгийг дэлхий нийтэд ойлгуулах хэрэгтэй гэсэн юм.

 Түүний саналыг байнгын хорооны дарга Г.Баярсайхан дэмжээд “нано хүнс” гэсэн олон улсын тодорхойлолт байвч нийтийн зах зээл дээр гарсан бүтээгдэхүүн одоогоор байхгүй тул цаг үеийн хувьд хараахан болоогүй зүйлийг төсөлд тусгах нь хэр оновчтой вэ гэдэгт ажлын хэсгийнхэн анхаарахыг хүслээ. Харин А.Бакей гишүүний хувьд салбар хоорондын ажлын уялдаа холбоог зохицуулах үүрэгтэй Үндэсний зөвлөлд шүүмжлэлтэй хандаад гадаадын тусламжийн бараанд тавигдах шаардлагын талаар төсөлд тусгахыг чухалчилж, эрүүл ахуйн шаардлага хангаагүй, хадгалалтын горим, хугацаа алдагдсан зарим хүнсний зүйл хандив тусламжаар орж ирэхээс сэргийлэхэд чиглэсэн заалтуудыг тодорхой тусгах, хүнсний салбарт төрөөс дэмжлэг үзүүлэх механизм тодорхой бус байгааг тодруулах нь зүйтэй гэсэн саналтай байв.

 Эцэст нь гишүүд Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг  хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжээд дээрх хоёр хуулийн төслийг сайтар хянан боловсруулж УИХ-д оруулахад бэлтгэх Ажлын хэсгийг А.Бакей гишүүнээр ахлуулан найман хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулах тогтоолын төслийг баталж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд байнгын хорооны санал, дүгнэлтийг Л.Эрдэнэчимэг гишүүн танилцуулахаар болов.   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top