Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд энэ оны 10 дугаар сарын 1–2-ны өдрүүдэд Япон Улсад айлчиллаа. Айлчлалын хүрээнд сайд Японы Гадаад хэргийн сайд К.Гэмбатай хэлэлцээр хийв.
Гадаад харилцааны сайд Л.Болд шинэ Засгийн газрын зорилт, мөрийн хөтөлбөрийг танилцуулж, Монгол Улс, Япон Улсын Стратегийн түншлэлийг хэрэгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр байгуулах санал тавьж, Монголын талын төслийг гардуулав. Сайд нар хоёр орны улс төрийн яриа хэлцээг дээд, өндөр болон янз бүрийн түвшинд үргэлжлүүлэх, аюулгүй байдал, батлан хамгаалах асуудлаарх зөвлөлдөх, бие биеийг нөхсөн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, тухайлбал, уул уурхайд болон боловсруулах үйлдвэр, төмөр зам, авто зам, барилга, эрчим хүчний г.м. дэд бүтцийн төслүүдэд Японы хөрөнгө, технологи оруулах, соёл, боловсрол, олон нийтийн харилцааг бэхжүүлэх, бүс нутгийн болон олон улсын талбарт бие биеийг дэмжсэн хамтын ажиллагаа хөгжүүлэхээр санал нэгдэв.
Гадаад харилцааны сайд Л.Болд Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Ёкомичи, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Ц.Сайто нар болон Батлан хамгаалахын сайд С.Моримото, Эдийн засаг, үйлдвэрийн сайд Ю.Эдано, мөн Либерал Ардчилсан намын дарга Ш.Абэ, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA), Олон улсын Хамтын ажиллагааны банк (JBIC)-ны удирдлага, зарим томоохон корпорацийн төлөөлөлтэй уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Яриа хэлэлцээний үеэр Японы тал Зүүн хойд Ази, Солонгосын хойгийн байдал, түүний дотор БНХАУ-тай үүсээд буй маргаантай асуудлаарх Япон Улсын байр суурийг тайлбарласан ба сайд Л.Болд үүний хариуд Япон, Хятад улсууд нөхцөл байдалд хүлээцтэй хандаж, асуудлыг яриа хэлэлцээрийн замаар шийдвэрлэнэ гэж найдаж байгаагаа илэрхийлэв.
Гадаад харилцааны сайд Л.Болд “Эн-Эйч-Кэй” телевиз, “Никкэй” сонин болон “Bloomberg news” агентлагт тус тус ярилцлага өгөв гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )