Өнөөдөр буюу аравдугаар сарын 4-ний өдөр УИХ-ын 71 гишүүнээс гадаадад гурав, орон нутагт нэг гишүүн ажиллаж, нэг гишүүн өвчтэй байгаа аж. Тодруулбал УИХ-ын гишүүн М.Батчимэг АНУ-д, З.Баянсэлэнгэ Японд, М.Сономпил Герман улсад ажиллаж байгаа бол гишүүн Ж.Энхбаяр маргааш хүртэл Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Харин гишүүн Ч.Сайханбилэг өвчтэй гэж бүртгүүлжээ.
Улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхний хэлэлцэх асуудал болох Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон Засгийн газрын 2011 оны санхүүгийн нэгдсэн тайлангийн талаарх аудитын дүгнэлтийг сонсов. Дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Ч.Раднаа танилцууллаа. Харин энэ нь УИХ-ын цөөнгүй гишүүнээс зэмлэл хүртсэн юм.
Тодруулбал Сангийн сайд Ч.Улаан: Хүний хөгжлийн сан нэг тэрбум төгрөгийн өртэй байгаа юм байна.
УИХ-ын гишүүн М.Зоригт: Хөрөнгө оруулалтын санхүүжилт тааруу хэрэгжсэн. 100 сургуульд зарцуулах хөрөнгөөс 17 нь л биелсэн байна гэв. 2011 оны төсвийн гүйцэтгэлд асар их цоорхой байгаа төдийгүй эзэн холбогдогчгүй, тэр бүү хэл зээл авсан, тендер авсан байгууллага нь байхгүй болсон тохиолдол цөөнгүй гарсан нь шалгалтаар илэрчээ.
Үүний дараа Монгол Улсын 2013 онд төрөөс баримтлах Үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж эхэлсэн юм. Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал төслийн танилцуулгыг хийв. Инфляцийг ирэх онд найман хувьд барих, зээлийн хүүг бууруулах, эдийн засгийн өсөлтийг тогтвортой барих зэрэг зорилтыг Монгол банк дэвшүүлээд байгаа аж. Өөрөөр хэлбэл ирэх жилээс эдийн засгийн макро орчныг сайжруулж, улмаар бодит эдийн засгийг сайжруулахад анхаарч, өрсөлдөх чадвараа ашиглан мөнгөний ханшийг тогтворжуулах, уян хатан байлгах арга хэмжээ авах гэнэ.
Улмаар УИХ-ын гишүүд Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргалаас асуулт асуув.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Зээлийн хүүг бууруулах чиглэлээр тодорхой зүйл тусгаж өгөх ёстой. Ханшийг чанга, импортыг зөөлөн байлгаж хямралыг давах хэрэгтэй. Оюутолгой үйлдвэрлэл явуулахгүй байгаа. Гэтэл олимпийн медалийг Оюутолгойн алтаар хийсэн. Энэ алтыг хэзээ яаж гаргасан юм бэ?
Монгол Банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал уг алтыг яаж гаргасныг мэдээгүй ажээ.
УИХ-ын гишүүн Н.Энхболд: Цөөнгүй барилга зогсоосон. Үүнээс болж барилгын нийлүүлэлт тасарч үнэ өсөх үү? Шатахууны үнэ цаашид үнийн өсөлтөд хэрхэн нөлөөлөх вэ?
Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал: Арваад жилийн өмнөхөөс шатахууны асуудалд ихээхэн өөрчлөлт орсон. Үүнийг авч үзэлгүй явж ирснээс шатахуунаас үүдэлтэй үнийн шокууд гардаг болсон. Шатахууны үнийн зохицуулалтыг олон улсын жишгээр шинэчлэн хийхээр Засгийн газартай хамтарч ажиллана. Хэлцэл дээр дэмжлэг үзүүлнэ. Барилгын асуудал яваандаа үнэд нөлөөлж магадгүй. Барилгын салбарт 800 гаруй тэрбум төгрөгийн зээл явдаг. Барилгын үнэд хөөс үүсэхээс санаа зовж байна.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Оюу Толгой манай баялгийг ашиглан олсон хөрөнгийг гадаадын банкинд хадгалуулж байгаа. Энэ тал дээр ямар арга хэмжээ авах вэ? Монголбанк алтыг хууль бусаар гаргаж байгаа асуудалд Монголбанк ямар хяналт тавих вэ? Эдийн засгийн хямралын үед эдийн засгаа тэлэх хэрэгтэй биш үү?
Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал: Уурхайгаас олсон ашиг нь тухайн гэрээгээрээ зохицуулагдаж байгаа. Гэхдээ үүнийг цаашид хянаад явах боломжтой гэв. Алтны үнэ өсч байгаа тохиолдолд Монголбанкинд тушаадаггүй. Харин алтны үнэ буурахад манайд тушаагдах тоо эрс өсдөг.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Макро эдийн засгийн үзүүлэлтийг ажилгүйдэлтэй холбож байгаа. Орон нутгуудад арилжааны банкууд зээлээ хумиж байгаа юм байна. Иргэдийн банкин дахь хадгаламжид төрөөс баталгаа гаргах тал дээр Монголбанк ямар ажил хийх вэ?
Монгол банкны Ерөнхийлөгч: Инфляцийн эсрэг хийж байгаа ажлуудын дүнд бодлогын хүү буурах байх. Мөнгөн хадгаламжийн асуудлаар Засгийн газартай мөнгөн хадгаламжийн хуулийг нэг жилээр сунгах асуудлаар дэмжигдсэн байгаа. 2013 ондоо багтаагаад энэ ажлыг дуусгана. Хөдөө орон нутагт очдог зээлийн тоог нэмэх тал дээр анхаарна гэв.
Энэ мэтээр гишүүд асуулт асууснаар завсарлага авах цаг болов. Улмаар үдээс хойш 15:00 цагт чуулганы үдээс хойших хуралдааныг товлов. Одоогоор чуулганы танхимд арав хүрэхгүй гишүүн сууж байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )