Долоо хоногийн өмнө Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай болон тус газрын мэргэжилтнүүд хийж гүйцэтгэсэн ажлаа мэдээлж байсан юм. Тэгвэл өнөөдөр тэрээр архи, пиво үйлдвэрлэгч, импортлогч 15 компанийн борлуулалт, реклам зар сурталчилгаа хариуцсан холбогдох албан тушаалтнуудтай уулзлаа.
Уг 15 архи, пиво үйлдвэрлэгч, импортлогч компаниудад тав хоногийн дотор, архи пивоныхоо ил далд, хууль бус сурталчилгааг зогсоохын дээр пивоныхоо рекламны хажуугаар заавал тухайн бүтээгдэхүүнийхээ хор хөнөөлийн талаар мэдээлэх, орон нутагт элбэг ажиглагдах болсон хууль бус сурталчилгааны самбаруудаа буулгахыг санууллаа. Тэрээр долоо хоногийн өмнө мэдээлэл өгөхдөө “25 хувиас ихгүй шар айраг буюу пивонд зар сурталчилгаа явуулахыг хуулиар зөвшөөрсөн байдаг бөгөөд заавал тухайн бүтээгдэхүүний хор хөнөөлийг мэдээлэх ёстой” гэж заасан ч хуулийг зөрчиж сурталчилгаа хийж байгаад нь АПУ, Спирт бал бурам зэрэг компанид тус бүр 10 сая төгрөгийн торгууль ногдуулсан тухай мэдэгдэж байсан. Гэтэл компаниуд торгуулийг үл зөвшөөрч, төлөөгүй байна. Иймд архи, пиво үйлдвэрлэгч компаниудад хуулийн хүрээнд сурталчилгаа явуулахын зэрэгцээ торгуулиа тав хоногийн дотор төлөхийг санууллаа. Хэрэв үл зөвшөөрвөл холбогдох яам, сайдад мэдэгдэж тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна хэмээн хатуухан сануулсан юм.
Түүнчлэн тэрээр хэлэхдээ “Манай улсад архи, пиво, тамхины хэрэглээ хангалттай байна. Архинаас болж амь насаа алдах явдал ч элбэг тохиолдож байгаа. Та бүхэн хуулийн дагуу ажиллахгүй бол холбогдох яам, сайдад мэдэгдэж тусгай зөвшөөрөлтэй чинь ярина. Өмнөх дарга нар та бүгдийн тойлгойг илж байсан байж магадгүй. Одоо ийм асуудал байхгүй. Бид хуулийн дагуу зарчмын хатуу байр суурь баримталж ажиллана” гэлээ.
Үүний дараа ШӨХТГ-ын дарга О.Магнай болон холбогдох мэргэжилтнүүд компаниудын саналыг сонслоо.
АПУ компанийн борлуулалт маркетинг хариуцсан ажилтан Г.Баярхүү мэдэгдэхдээ ”Архины үнэ нэмэгдэх тухай үйлдвэрлэгч компанийн саналыг аваагүй. Ямар учраас нэмэгдэж байгааг бидэнд мэдэгдээгүй. Бид нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, татвараа төлж ажилладаг.Реклам сурталчилгаа гаргахдаа эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэсэн тамга тавьдаг. Яагаад торгууль ногдуулсныг ойлгоогүй" гэхэд О.Магнай "Нийслэл, Боргио пивоны сурталчилгаанд эрүүл мэндэд сөрөг гэсэн мэдээлэл гарахгүй байгаа. Үүнийг би ч биш ард түмэн мэдэж байгаа" гэсэн юм. Түүнчлэн, компаниудын төлөөллүүд импортын бүтээгдэхүүнийг багасгаж үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, хуурамч архинд хяналт тавьж ажиллахыг онцлоод байв.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )