Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан энхийг сахиулагчдад шагнал гардууллаа

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 04



Афганистан Улс дахь олон улсын цэргийн хүмүүнлэгийн үйл ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багуудын бие бүрэлдэхүүнд шагнал гардуулах ёслол өнөөдөр Батлан хамгаалах яаманд болов.

 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан энхийг сахиулагч Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн цэргийн ротын захирагч, хошууч Пүрэвдоржийн Ариунбат, Зэвсэгт хүчний ерөнхий зориулалтын цэргийн командлалын сургалтын офицер, дэд хурандаа Жаргалсайханы Өсөхбаяр, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн ротын захирагч, ахмад Пүрэвийн Дэлгэрмөрөн, Зэвсэгт хүчний хяналт, шинжилгээ, үнэлгээний газрын мэргэжилтэн, хошууч Төмөргарьдын Мөнхнасан, Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн нисэх засварын хөдөлгүүрийн ахлах механик, сургагч ахлагч Баасангийн Түвшинжаргал, ахлах механик, сургагч ахлагч Санжидын Гэрэлт-Од, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн тагнуулын офицер, хошууч Ганбатын Батзориг нарт Цэргийн хүндэт медаль, Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн ажиллагааны ахлах офицер, ахмад Давгадоржийн Гантулга, Зэвсэгт хүчний 124 дүгээр ангийн радиотелеграфчин, дэд ахлагч Чулуунбаатарын Төрбаяр, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн автын засварчин, ахлагч Норовсамбуугийн Эрдэнэзориг, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн жолооч, дэд ахлагч Бямбаагийн Золбоо, Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн РЛС-ийн инженер, дэслэгч Ганбаатарын Ууганбаатар, Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн буудагч, дэд ахлагч Нэргүйн Содномцэрэн, Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн их эмч, дэслэгч Ганболдын Цогбаясгалан, Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн танк эсэргүүцэх залуурт пуужингийн зөөврийн харвах төхөөрөмжийн сум зөөгч, харвагч, дэд ахлагч Ганзоригийн Мөнх-Оргил нарын 180 хүнд Энхийн төлөө медаль гардуулж баяр хүргэв.
 
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан шагнагдагсдад баяр хүргэж хэлэхдээ “Эрхэм хүндэт генерал, офицер, ахлагч нар аа!Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө!
Юуны өмнө дэлхийн түүхэнд хуурай газрын хамгийн хүчирхэг гүрэн улсыг цогцлоож асан Их Монгол Улсыг үндэслэгч Эзэн Чингис хааныхаа мэлмий гийсний түүхт 850 жилийн ойн босгон дээр дэлхийн халуун цэгт үүргээ нэр төртэй гүйцэтгэн зүтгэл гавьяагаа үнэлүүлж буй энхийг сахиулагчиддаахалуун баяр хүргэе!
 
Монголын төр өнөөдөр энхийн үйлсэд хүчин зүтгэж эх орныхоо даалгаврыг нэр төртэй биелүүлсэн эрэлхэгхөвгүүдээрээ бахархаж байна.Эх орон, эр цэрэг, тусгаар тогтнол хүйн холбоотой, амин шүтэлцээнд оршиж ирсэн.
 
Дэлхий дахинд энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх олон улсын хүчин чармайлтыг Монгол Улс байнга талархан дэмжиж, бодит хувь нэмрээ оруулсаар ирсэн бөгөөд үүний тод илрэл нь манай энхийг сахиулагч цэрэг дайчид дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэж Монгол эх орныхоо сайн нэрийг олон улсын тавцанд өндөрт өргөж байгаа явдал юм.
 
Олон жил иргэний дайны хөлд нэрвэгдэж зовж зүдэрсэн афганы ард түмэнд эв нэгдэл, эрх чөлөөг эргүүлэн олгохоор олон улсын эвслийн цэргийн хүчнээс тус улсад явуулж байгаа цэргийн ажиллагаанд манай Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн идэвхтэй оролцож, мөр зэрэгцэн алба хааж байгаа гадаадын олон орны дайчдад эр зориг, тэсвэр хатуужил, мэргэжлийн ур чадвар, сахилга зохион байгуулалттай байхын үлгэр дуурайлыг харуулсаар байдаг цэрэг эрс, охид хөвгүүдээрээ монгол хүн бүр бахархаж байдаг.  
 
Та бүхний халуунд халж, хүйтэнд хөрч, хатуугаас халшралгүй, хэцүүгээс бэрхшээлгүйтэмцэж бүтээсэн үйл хэргийгтань үнэлэн сайшаах нь Монгол Улсын төрийн эрхэм үүрэг гэж бид үздэг. Ийм ч учраас Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч энхийг сахиулагчид Та бүхний хичээл зүтгэлийг сайшаан, төрийн хүндтэй шагналаа хүртээж байна.
 
Та бүхэн бол хүний эрх, эрх чөлөө, ардчилал, тусгаар тогтнол, энх амгалан амьдралын бодит үнэ цэнийг амь насаараа дэнчин тавьж халуун цэгт нь мэдэрсэн баатрууд. Энэ мэдрэмж, тэрхүү амьд дурсамж хийгээд сургамжийг гэр бүл, үр хүүхэддээ төдийгүй нийгэмдээ ойлгуулж эрх чөлөө, ардчиллын үнэ цэнийг хэлж өгөх ховор хувь заяатай хүмүүс юм.  
 
Та бүхэн эх орныхоо нэрийг дэлхий дахинд сайнаар дуурсгаж, өндөрт өргөж яваа эрхэм хүмүүс.Бид Та нараараа бахархаж байна.
 
Төрийн хүндтэй медалиар шагнагдсан энхийг сахиулагчид Та бүхэнд болон та бүхний найдвартай ар тал болон зовлон, жаргалыг бие, сэтгэлээрээ хуваалцаж байдаг гэр бүл, үр хүүхдүүд, ах дүүс, хамт олонд тань талархал илэрхийлж эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
 
Монгол цэргийн мэлмий тунгалаг, өлмий бат орших болтугай” гэлээ.
 
Шагнал гардуулах ёслолд Монгол Улсын Их хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Уинд Кэмбелл, албаны бусад хүн оролцов.











 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top