УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр манай улсад ажлын айлчлал хийж буй Азийн хөгжлийн банк /АХБ/-ны Мэдлэгийн удирдлага, тогтвортой хөгжлийг хариуцсан дэд Ерөнхийлөгч, ноён Биндү Лохани тэргүүтэй тус банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд ноён Б.Лохани АХБ-аас бүс нутгийн орнууд, түүний дотор гишүүн орнуудын дунд томоохон байр суурь эзэлдэг Энэтхэг, Хятад улсуудтай нягт хамтран ажиллаж байгаа талаараа УИХ-ын даргад товч танилдцуулаад эдийн засаг нь эрчимтэй хөгжиж буй, байгалийн баялгийн арвин их нөөцтэй Монгол Улс АХБ-тай хэрэгжүүлж буй хамтын ажиллагаагаа ургашлуулж, шинэ шатанд гаргах цаг нь болсон хэмээн үзэж буйгаа илэрхийлэв.
Тэрбээр Монгол Улсын зээлжих зэрэглэл ахиж, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ өсч, эдийн засгийн шингээх чадвар, хэрэгцээ шаардлага нэмэгдэж буйтай холбогдуулан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, уул уурхайн хөгжлийг дагаж томоохон дэд бүтэц, хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх хөрөнгө санхүүгийн хэмжээг нэмэгдүүлэх боломж бүрдэж байна гэж үзэж буйгаа мэдэгдээд хүн ам цөөтэй, байгалийн баялгаар баян Монгол Улс бусад гишүүн орнуудын хуримтлуулсан мэдлэг туршлагаас хуваалцаж, боловсон хүчнийхээ чадавхийг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахад залуу мэргэжилтэн, албан хаагчдаа хамруулах асуудлыг судалж үзэхийг УИХ-ын даргад санал болголоо.
УИХ-ын дарга З.Энхболд Монгол Улсад ажлын айлчлалаар хүрэлцэн ирсэнд нь ноён Б.Лоханид баяр хүргээд 1991 оноос хойш АХБ-наас тэрбум орчим долларын бодит хөрөнгө оруулалт хийсэн нь Монгол Улсад үзүүлсэн нийт зээл тусламжийн дөрөвний нэг нь болж буй, тус банк өдгөө ч манай хамгийн том хамтрагч олон улсын байгууллага байж, хөнгөлөлттэй зээлийн 46 төслийг дэд бүтэц, хөдөө өж ахуй, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, санхүү, харилцаа холбоо зэрэг салбарт хэрэгжүүлж байгааг тэмдэглэлээ. Тэрбээр бас Монгол Улс АХБ-тай хамтран ажиллах 2012-2016 оны стратегийн баримт бичиг боловсруулан батлуулж, зэм тээвэр, эрчим хүч, хот байгуулалт, нийгмийн салбар, ялангуяа эрүүл мэнд, боловсролын салбарын хөгжил, хүртээмжийг сайжуруулах чиглэлээр хамтран ажиллахаар болсныг дурдав.
УИХ-ын дарга манай улсын хөгжлийн үзүүлэлт, ДНБ-ий өсөлт тодорхой хэмжээгээр дээшилж байгаа ч "тооноос илүү чанарт сэтгэл дундуур явдаг"-аа илэрхийлээд "газрын баялаг, нүүрсийг ухаж гаргахад амархан, харин түүнийг нийгмийн хөгжлийн тулд үр өгөөжтэй, зүй зохистой ашиглах талаар мэдлэг чадвараа сайжруулах нь чухал. Энэ талаар манайх сая таны нэрлэсэн улс орнуудын эгнээнд даруй орох бодлого баримталж байгаа. Тэгэхдээ уул уурхай, ашигт малтмалдаа түшиглэхийн зэрэгцээ боловсрол, шинжлэх ухаан, хүн хүчнийхээ өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, мэдлэг чадавхийг сайжруулж, харилцан суралцах бүхий л боложийг судалж байна. Энэ чиглэлээр та бидний санал нийлэх цэг маш олон байгаа тул АХБ-тай цаашдаа улам өргөн хүрээнд хамтран ажиллахад маань урьд өмнөөсөө илүү дэмжлэг үзүүлнэ гэдэгт та бүхэнд найдаж байна" гэлээ
Сэтгэгдэл ( 0 )