СЕХ-ны даргад Ч.Содномцэрэнгийн нэрийг дэвшүүллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 05

Өчигдөр СЕХ-ны дарга болон Монгол улсын Ерөнхий Аудитор нар халагдах өргөдлөө өгсөн билээ. СЕХ-ны дарга Н.Лувсанжавыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэхийг дөнгөж сая Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцлээ. Харин УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Р.Бурмаа орон нутгийн сонгууль дөхөж байхад ажлаас зугатлаа хэмээн ундууцаж байгаа харагдав.  

Үүнд СЕХ-ны даргад яригдаж буй тус газрын НБД Ч.Содномцэрэн: Н.Лувсанжав даргыг зугатсан гэхгүй. Харин хүндэтгэн үзэх шалтгаантай. Бид хоёр 2009 оноос хойш гар нийлэн ажиллаж, хуулийн хүрээнд хоёр том сонгуулийг хамтран зохион байгуулсан. Н.Лувсанжав даргын хувьд сүүлийн нэг сар хувийн шалтгаантай байгаа. Үнэндээ бол биеийн байдал нь сайнгүй байгаа. Яг одоо дусал хийлгэж байгаа болохоор өнөөдрийн хуралдаанд ирж амжсангүй. Миний хувьд тангараг өргөсөн болохоор ажлаас зугтахгүй гэв.

УИХ-ын гишүүн Н.Батцэрэг: Улс төрийн ямар дарамт СЕХ-д ирдэг вэ?

Ч.Содномцэрэн: Ямар юмыг дарамт гэдгийг сайн мэдэхгүй байна. Хуулийн хүрээнд тойргуудад гарсан маргааныг шийдвэрлүүлэх өргөдөл ирдэг. Тэр бүхнийг хуулийн хүрээнд хуулийнхаа дагуу л ажиллаж байгаа.

Р.Бурмаа: Н.Лувсанжав даргын өргөдөл дээр ажлын ачаалал их байна гэсэн байна. Орон тооны болон орон тооны бус ажилчдын тоог нэмэх шаардлага байна уу? Үүн дээр та ямар бодолтой байна вэ? Хоёрт, саналын хуудсыг дэлгэрэнгүйгээр өөринхөө вэб хуудсанд гаргаж болох уу? Үүнийг хийхэд ямар бэрхшээл байна вэ? Сонгуулийн маргааныг цаг хугацаанд нь шийдвэрлэж амждаггүй.

Ч.Содномцэрэн:Орон тооны ажилчдыг нэмэхээсээ илүү ажлын албад анхаарах хэрэгтэй. Хоёрт саналын хуудсын дэлгэрэнгүйг үзэхэд хууль, эрх зүйн хүрээнд боломжгүй. Харин сүүлд батлагдсан хуулиар нам эвслийн нэг ажиглагчид үзүүлж болно. Вэб хуудсанд байрлуулахад мөн л хуулийн зохицуулалт хэрэгтэй.

Үүгээр гишүүдийн асуулт дуусаж, саналаа хэлэв. Тухайлбал:

Д.Эрдэнэбат: СЕХ хариуцлага тооцох чиглэлд анхаардаггүй улс төрждөг.  

Р.Бурмаа: Сонгуулийн үйл ажиллагаанд иргэдийн итгэл алдарсан. СЕХ-д итгэх итгэл өнөөдрийг хүртэл сайжраагүй. Үйл ажиллагаагаа олон нийтэд нээлттэй байлгаач, сонгогчдод мэдэлэл авахад нь чөлөөтэй байх ёстой. Тэгэхээр сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй.

Ж.Батзандан: Сонгууль өөрөө цогц ажиллагаа учраас манайхаас явуулсан зөвлөмжийг анхаараарай. Би Сонгогчдын бүртгэлийн дэд хорооны даргаар ажиллаж байгаа. Нээлттэй сонсголд та бүхэнд урилга явуулсан ч ирээгүй. Тэгэхээр хоорондоо уялдаа холбоотой байгаарай.  

Л.Цог: Содномцэрэнгээ энэ ажлыг хийж чадна гэдэгт итгэлтэй байна. Сонгуулийн төсвийг тусад нь хуульчлах эсэхэд анхаараарай. Будлиангүй сонгууль гэж байхгүй. Тэгэхээр сонгуулийн хуулийг боловсронгуй болгоорой.

Ингээд санал хурааж Н.Лувсанжавыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг гишүүдийн дийлэнх нь дэмжив. Мөн Ч.Содномцэрэнг СЕХ-ны дарга болгохыг байнгын хорооны гишүүд 100 хувь дэмжлээ.

СЕХ-ны НБД-ыг томилох асуудлыг хэлэлцэв. СЕХ-ны НБД-ыг томилохдоо СЕХ-ны гишүүдээс томилдог. Улмаар Б.Алтанжаргалын нэрийг оруулж ирэв. Түүнээс УИХ-ын гишүүн Д.Батцогт асуулт асуув. Тэрбээр СЕХ улс төржсөн хэвээр байгаа. Үүн дээр анхаарч ажиллаж болдоггүй юм уу? Аль нэг намын харъяалалд байсан уу?

Б.Амаржаргал: Өмнө нь ардчилсан намын гишүүн байсан. 2005 онд НХХЯ-д орсон болохоор намын гишүүнчлэлээсээ татгалзсан. Төрийн албанд 18 жил ажилласан. Үүгээр санал хураалт явуулж СЕХ-ны НБД-аар Б.Алтанжаргалыг томилох саналыг 100 хувийн саналаар дэмжив.  

Үүний дараа СЕХ-ны гишүүнээр томилох асуудлыг хэлэлцэв.  Гишүүнийг  Төрийн байгуулалтын байнгын хорооноос нэрийг нь оруулж ирдэг учиртай. Энэ удаад Д.Дэлгэрцогтын нэрийг дэвшүүлэв. Түүнийг мөн 100 хувийн саналаар дэмжив.

Үүгээр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өндөрлөж, хэлэлцсэн асуудлыг УИХ-ын чуулганаар  хэлэлцэхээр боллоо.

А.Баярмаа  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top