Шадар сайд Д.Тэрбишдагвад шаардлага хүргүүлжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 05

 

Монгол улсын их хурлын гишүүн, Засгийн газрын шадар сайд, Хүнсчдийн холбооны тэргүүн, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагвад Биокомбинат Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын мэргэжилтэн нараас шаардлага хүргүүлжээ.

Уг шаардлагад Д.Тэрбишдагва та 2008, 2009 оны үеэс эхлэн тэр үеийн эрх баригч МАХН-ын  дарга, ерөнхий нарийн бичгийн дарга зэрэг эрх мэдэл, нөлөө бүхий удирдлагуудаар дамжуулан тодорхой  албан тушаал, мөнгө хөрөнгөний төлөө “нам дотор жигүүр ургуулна”, “шинэ нам байгуулж тусдаа гарна”, “намыг хагалан бутаргана” гэх мэт үйлдлүүдээрээ ил болон  далдуур “шантааж” хийн албан тушаалын томилгоо, халаа сэлгээг зориудаар зохион байгуулалцаж, хамсаатан холбоотноо тодорхой албан тушаалд томилуулахын төлөө улайран зүтгэж эхэлсэн билээ. Тухайн үед МАХН-ын (одоогийн МАН-ын) Ерөнхий нарийн бичгийн дарга мэтийн хүмүүс өөрийг чинь “шантаажчин” хэмээн “өргөмжилж”, тус намаас гарч явахыг “санал болгон”, таны харъяалагдаж байсан намын чинь хэсэг залуус жагсаал цуглаан зохион байгуулж байсныг та мартаагүй гэдэгт найдаж байна.


Тэр үед хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байсан бидний зарим хүмүүс таныг намаасаа  хурдан хөөгөөсэй, шударга ёс таны шантаажийг таслан зогсоогоосой гэж хүсч байлаа. Гэвч тэгсхийгээд намжмал байдалд орсон юм. Хуучин намын удирдлага чинь тэгэхэд таныг  намаасаа хөөчихсөн байсансан болбол Таны шантаажийн  нөлөөллөөр бидэнд болон бусдад  хор хохирол учраа  ч бил үү, үгүй ч бил үү гэж бодож яваагаа нуух юун. Таны эзэгнэхийг хүссэн албан тушаалуудын жагсаалтад Б.Баттогтохыг суулгасан Биокомбинат ТӨААТҮГ-ын захирлын “суудал”  нэлээд дээгүүр байр эзэлж байсан нь ч тодорхой. 

Д.Тэрбишдагва та 2000-аад оны үеэс эхлэн ХХАА-н дэд сайд, ХХАА-н сайд, УИХ-ын гишүүн зэрэг улс төрийн  албан тушаалуудад ээлж дараалан ажиллаж байхдаа Монгол улсын хэд хэдэн хуулийн  тодорхой  зүйл заалтуудыг  зөрчин албан тушаалаа  урвуулан ашиглаж, улсын төсвийн болон гадаадын зээл тусламжийн олон тэрбум төгрөгөөр Б.Бямбаа, Б.Баттогтох нарын хувийн эзэмшлийн “Цагаан залаа агвет” ХХК-д үйлдвэрлэгддэг хуурамч, дуураймал, чанаргүй эмийг их хэмжээгээр худалдан авч малын эмч, малчдад үнэ төлбөргүйгээр “шахаж” Монголын ард түмэн, татвар төлөгчдийн мөнгийг ихээхэн хэмжээгээр угаах хууль бус үйлдлийг тэдэнтэй хамтран үйлдсээр ирсэн билээ.

Тэдгээр хууль бус үйлдлүүдээр олсон бохир мөнгөөрөө таны дотны түнш, найдвартай хамтрагч  Б.Бямбаа нар  хууль бус,  олон гэмт үйлдлүүдээ  “цайруулсаар” өнөөдрийг хүрлээ. Өнгөрсөн хугацаанд Б.Бямбаагийн үйлдсэн гэх маш ноцтой олон эрүүгийн гэмт хэргийн талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр олонтаа гарсаар байгаа боловч цагдаа, прокурор, шүүхийн байгууллагууд түүнтэй ямар нэгэн хариуцлага тооцоогүй нь хууль бусаар, хуйвалдаанаар олсон бохир мөнгөнийх нь л “хүч” биз дээ. Б.Бямбаагийн төрсөн дүү Б.Баттогтох нь 1998 оноос 2011 он хүртэл “Цагаан залаа агвет” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан бөгөөд тэрхүү олон тэрбумаар хэмжигдэх хууль бус мөнгийг захиран зарцуулагч жинхэнэ эзэн нь юм. Тиймээс ч Д.Тэрбишдагва таны итгэл найдварыг сайтар олсон байх гэж бодож байна.

Д.Тэрбишдагва таны шантаажийн ачаар тэр Биокомбинат ТӨААТҮГ-ын захирлаар 2010 онд хууль бусаар томилогдож нэг удаа буцаад, 2011 онд мөн таны шантааж болон бусдын оролцоотойгоор дахин томилогдчихоод байна. Б.Баттогтох нь тус үйлдвэрт 5-20 гаруй жил ажилласан 20 гаруй мэргэжилтэнг хууль бусаар ажлаас халж, бидний амьдралаар “тоглосоор” өнөөдрийг хүрлээ. 

Б.Баттогтох нь биднийг ажилдаа эгүүлэн орохыг тогтоосон дүүрэг, нийслэл, дээд шүүхийн бүх шийдвэрийг үл биелүүлсээр, ойролцоогоор 1 тэрбум орчим төгрөгийн үнэ бүхий вакциныг стандарт зөрчиж, чанаргүй үйлдвэрлэсэн болон устгасан нь МХЕГ-ын байцаагчдын удаа дараагийн хяналт, шалгалтаар тогтоогдоод байна. Тэрбээр 1 жил гаруй хугацаанд Биокомбинатын захирлын суудалд суухдаа 300 гаруй сая төгрөг хууль бусаар захиран зарцуулж, үйлдвэрийн цалингийн фондыг 100 гаруй сая төгрөгөөр хэтрүүлж, мөн тийм хэмжээний хохирлыг үйлдвэрт учруулжээ. Түүнчлэн 2011 онд 13 сая гаруй тун вакциныг технологи зөрчин оройтуулж нийлүүлсэн бөгөөд хэрэглэгчдэд уг вакциныг хэрэглэх мэргэжлийн зөвлөмж, зааврыг өгч чадаагүйн уршгаар баруун аймгуудад 120 гаруй мянган толгой мал хээл хаясан байна. Хамгийн ноцтой нь тэрхүү вакцинаар дамжуулан халдварт өвчин тарааж, яг өнөөдрийн байдлаар 20 гаруй сая толгой хонь, ямааг буруу тунгаар үйлдвэрлэсэн бруцеллёзын вакцинаар вакцинжуулан мал амьтдыг өвчлүүлэх, халдвар тараах онц аюултай биотерроризмын үйлдлээ үргэлжлүүлээд явж байна. Б.Баттогтохын хууль бус үйлдлүүд зөвхөн дээр дурдсанаар хязгаарлагдахгүй ээ.

Энэ бол таны шуналын үрээр хийсэн шантаажаар мэргэжлийн бус, мэдлэг, чадваргүй, хүний эмч хүнийг мал, амьтны зориулалттай вакцины үйлдвэрийн захирлаар томилуулж, мэргэжлийн мэдлэг, ур чадвартай бүх мэргэжилтнүүдийг нь хууль бусаар ажлаас халж явуулсны уршиг гэдгийг Та ойлгох байх гэж найдаж байна.

Иймээс Д.Тэрбишдагва та Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ҮХАА-н сайд Х.Баттулга, ТӨХ-ны дарга Ц.Нанзаддорж нартай “тохиролцоо хийх” гэж оролдон, эсвэл “Засгийн газрыг унагана” гэж шантаажилсаар Б.Баттогтохыг Биокомбинат ТӨААТҮГ-ын захирлын “суудалд" нь үлдээх гээд  янз бүрийн оролдлого хийгээд явж байгаа үйлдлээ даруй зогсоож, өөрөө санаачилга гарган  Б.Баттогтохыг одоогийн албан тушаалаас нь даруй эгүүлэн татаж авахыг шаардаж байна.

Хэрэв Та Б.Баттогтохыг даруй татаж авахгүй болбол түүний хууль бус үйлдлүүд улам нэмэгдсээр байх болно гэдгийг танд анхааруулъя. “Хэрэг” хуучирдаггүй гэдгийг ч одоо таны ойр орчимд байгаа зарим хүмүүсийн өнгөрсөн хугацаанд үйлдсэн хууль бус үйлдлүүдтэй хийж байгаа “тооцоо”-ноос мэдэж авч байгаа байх гэж найдаж байна. 

Эцэст нь тэмдэглэхэд бидний 20 гаруй мэргэжилтний ажил, амьдрал, Монгол улсын ХАА-н салбар дахь цорын ганц биотехнологийн үйлдвэрийн хувь заяа ихээхэн бүрхэг болж, улмаар Монгол улсын мал сүргийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, нийгмийн эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдалд онц аюул нүүрлэсээр байгааг Танд болон холбогдох эрх мэдэлтэн, албан тушаалтнуудад  мэдэгдэн анхааруулж байна” гэжээ.  


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top