СЕХ-ны шинэ удирдлагыг танилцуулж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 05

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн

Чойнзонгийн Содномцэрэн нь 1953 онд Улаанбаатар хотод төрсөн. 1976 онд ХААДС-ийг зоотехникч мэргэжлээр төгсчээ. 1994 онд ОХУ-ын Санкт Петербург хотын ХААИС-ийн докторантурт суралцаж, шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан байна. Тэрээр 2006 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Академич цол хүртжээ.

1976-1985 онд Бэлчээр тэжээлийн эрдэм шинжилгээний хүрээлэнд мал аж ахуйн эрдэм шинжилгээний ажилтан, 1985-1999 онд ХААИС-д багш, тэнхимийн эрхлэгч, декан, захирал, 1999-2000 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд, 2004-2008 онд УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, Ёс зүйн дэд хорооны дарга, 2009 оны нэгдүгээр сараас одоог хүртэл СЕХ-ны нарийн бичгийн даргаар ажиллаж байна.

СЕХ-ны нарийн бичгийн дарга Б.Алтанжаргал

Батнямын Алтанжаргал нь 1962 онд Улаанбаатар хотод төрсөн. 1985 онд ЗХУ-ын Эрхүүгийн Улсын их сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгссөн. 2000 онд ОХУ-ын Эрхүүгийн Улсын их сургуульд магистрын зэрэг хамгаалж, 2007 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын менежерээр төгсчээ.

Тэрээр 1985-1987 онд Өмнөговь аймгийн Хөдөө аж ахуйг удирдах газарт хуулийн зөвлөх, 1987-2005 онд Өмнөговь аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлд өмгөөлөгч, хуулийн зөвлөх, 2005 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд хуулийн зөвлөх, 2012 оны есдүгээр сарын 11-нээс Хөдөлмөрийн яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, 2008 оноос Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний албыг тус тус хашиж байна.

СЕХ-ны гишүүн Д.Дэлгэрцогт

Даваадоржийн Дэлгэрцогт нь 1958 онд Сүхбаатар аймгийн Халзан суманд төрсөн. Украин Улсын Киев хотын Улсын ард аж ахуйн дээд сургуульд 1977-1982 онд суралцаж эдийн засагчаар төгсөөд Япон улсын Ёкохамагийн Үндэсний их сургуулийн аспирантурт 1994-1997 онд суралцжээ. Эдийн засгийн ухааны мастер, дэд профессор цолтой.

Д.Дэргэрцогт нь ажлын гараагаа 1982 онд Хөдөлмөр зохион байгуулалт, нормчлолын лабораторид хронометрожчиноос эхэлжээ. Улмаар 1985-1989 онд Нийтийн аж ахуй үйлчилгээний яаманд мэргэжилтэн, 1989-1991 онд Тавилга, төхөөрөмжийн үйлдвэрийн дарга, 1991-1993 онд Шинжлэх ухааны академийн Эдийн засгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1997-2004 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ахлах референт, газрын дарга, 2004-2007 онд Төрийн өмчийн хороонд хэлтсийн дарга, 2007-2008 онд Байгаль орчны дэд сайд, 2009-2012 онд Бүтээмжийн төв төрийн бус байгууллагын захирал, 2012 оноос Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байна.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top