СЕХ-ны даргаар Ч.Содномцэрэн томилогдлоо

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 05

 

СЕХ-ны дарга Н.Лувсанжав "Ажлын ачаалал их байна. Арай бага ачаалалтай ажилд томилж өгнө үү" хэмээх агуулга бүхий өргөдлийг уржигдар гаргажээ. Түүний энэ өргөдлийг СЕХ-ны төлөөлөл биеийн байдал тааруу, Ө.Энхтүвшин гишүүн Н.Лувсанжавыг шахаж албан тушаалын томилгоо хийж байна хэмээн тайлбарлав. Улмаар Н.лувсанжавыг СЕХ-ны даргын үүрэгт ажлаас чөлөөлөх эсэхэд гишүүдийн саналыг хураав. Санал хураалтад 54 гишүүн оролцсоноос 33 нь буюу 61.1 хувиар Н.Лувсанжавыг СЕХ-ны даргын үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

Үүний дараа СЕХ-ны даргыг томилох эсэхийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэв. СЕХ-ны даргад тус газрын НБД Ч.Содномцэрэнг томилох асуудлыг байнгын хорооноос 100 хувийн саналаар дэмжсэн. Улмаар асуулттай гишүүд байсангүй. Харин С.Эрдэнэ, Ц.Даваасүрэн нарын гишүүд үг хэлж санал хураалаа. Санал хураалтад 56 гишүүн оролцсоноос 33 нь буюу 58.9 хувиар Ч.Содномцэрэнг СЕХ-ны даргаар томилов.  

Тэрбээр СЕХ-ны дарга болж байгаа учир түүнийг СЕХ-ны НБД-ын үүрэгт ажлаас нь чөлөөлж байгаа юм. СЕХ-ны НБД-ыг СЕХ-ны гишүүдээс томилдог байна. Улмаар СЕХ-ны НБД-ын  үүрэгт ажилд Б.Алтанжаргалын нэрийг байнгын хорооноос оруулж ирэв. Түүнтэй холбоотой асуулт, санал бүгд СЕХ-ны үйл ажиллагааны дутагдалтай талын тухай байв. Улмаар санал хураалтад 55 гишүүн оролцсоноос 33 нь буюу 60 хувиар Б.Алтанжаргалыг СЕХ-ны НБД болгов.  

Үүний дараа СЕХ-ны гишүүн тус газрын НБД болсонтой холбоотойгоор СЕХ-ны гишүүнийг мөн томилох асуудлыг хэлэлцэв. Төрийн байгулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Д.Дэлгэрцогтын нэрийг дэвшүүлсэн. Д.Дэлгэрцогтоос асуулт асуух гишүүн байсангүй. Харин Ц.Нямдорж гишүүн СЕХ-ны үйл ажиллагаа “ялзарсан” гэдгийг хэлэв.

Улмаар санал хураалт эхлэв. Санал хураалтад 53 гишүүн оролцсоноос 31 нь буюу 58.8 хувиар Д.Дэлгэрцогтыг СЕХ-ны гишүүн болгов.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top