Өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, О.Баасанхүү, Ж.Батзандан, Д.Ганбат, Р.Гончигдорж, Ө.Энхтүвшин, Л.Эрдэнэчимэг нар өөрсдийн санаачилсан “Монгол Улсын Их сургуулийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа. Монгол Улсын Их Сургууль нь 1942 онд байгуулагдаж, түүхт 70 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Одоогоор 16 бүрэлдэхүүн сургуультай, нийт 22538 оюутан, 1094 профессор багш, 832 ажилтан ажилчидтай, судалгаа, сургалт, нийгэмд үйлчлэх талдаа үндэсний хэмжээнд тэргүүлэгч их сургууль болон хөгжиж ирсэн. Өнгөрсөн хугацаанд тус сургуулийг 60 гаруй мянган оюутан төгсөн гарч, улс орны шинжлэх ухаан, соёл, нийгэм, эдийн засгийн хөгжлийн янз бүрийн үе шатуудад дээд боловсролтой хүний нөөцийн голлох цөмийг бүрдүүлсээр байна. Дэлхий дахинд 6000 гаруй их дээд сургууль байдгаас Монгол Улсын их сургууль чанар чансаагаараа 2000-р байрт жагсдаг гэсэн судалгаа бий. Тиймээс дээрх нэр бүхий гишүүд дээрх байрыг урагшлуулах, сургалтын чанарыг олон улсын түвшинд хүргэх үүднээс магистр, докторантурын оюутнуудад зориулагдсан эрдэм шинжилгээ, судалгааны сургууль болгон өргөжүүлэх зорилгоор уг тогтоолын төслийг боловсруулжээ.
Тус тогтоолын төсөл нь хоёр зүйлтэй. Нэгд, 013 оноос эхлэн Монгол Улсын Их Сургуулийн жилийн төсвийн тодорхой хэсгийг судалгааны их сургууль болгох зорилгын хүрээнд улсын захиалгат эрдэм шинжилгээ, судалгаа, туршилтын ажил гүйцэтгэх, технологи дамжуулах, инновацийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, ахисан түвшний сургалтыг эрчимжүүлэх, багш, эрдэм шинжилгээний ажилтны мэргэжил дээшлүүлэх, давтан бэлтгэх зориулалтаар улсын төсвөөс санхүүжүүлэх
Хоёрт, Тус сургуульд өндөр технологийн /биотехнологи, нанотехнологи, мэдээллийн технологи, электроник/ судалгааны лабораториуд байгуулах бүхий нээлттэй хүрээлэнгүүд, технологи дамжуулах болон оюуны өмчийн төвийг шинээр байгуулахад шаардагдах хөрөнгө оруулалт, санхүүжилтийг 2013 оноос эхлэн төсвийн болон зээл, тусламжийн хөрөнгөөр шийдвэрлэх зэрэг асуудлуудыг тусгасан байна.
Дашрамд тэмдэглэхэд, Энэ удаагийн парламентаас Р.Гончигдорж, А.Бакей, Ө.Энхтүвшин, Х.Тэмүүжин, О.Баасанхүү, Су.Батболд, З.Энхболд, С.Баярцогт, Н.Алтанхуяг, Ж.Батзандан, Ц.Баярсайхан, Р.Бурмаа, Д.Ганбат, С.Дэмбэрэл, Д.Оюунхорол, Ч.Сайханбилэг, А.Тлейхан, У.Хүрэлсүх, Ж.Энхбаяр, М.Энхболд, Л.Эрдэнэчимэг нарын 21 гишүүн Монгол Улсын Их сургууль төгсчээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )