Улсын Дээд шүүхийн шүүгчдийг Ерөнхийлөгчид танилцуулахаар боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 05

Хууль зүйн байнгын хорооны өнөө өглөөний хуралдаан дээр Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/-өөс УДШ-ийн шүүгчид нэр дэвшигч Хээмчигийн Сонинбаяр, Хөхийсүрэнгийн Батсүрэн нарыг танилцуулсан бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд УДШ-ийн ерөнхий шүүгч, ШЕЗ-ийн дарга Ц.Зоригийн илтгэснээр нэр дэвшигч Х.Сонинбаяр Ховд аймгийн Булган суманд 1961 онд төрсөн, 1985 онд ЗХУ-ын Эрхүү хотын Их сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 2004 онд тус сургуулийг хууль зүйн ухааны магистр зэрэгтэйгээр тус тус төгссөн. Ажлын гараагаа 1986 онд Налайх дүүргийн шүүхэд дадлагажигчаар эхэлж, тус шүүхийн шүүгч, дарга болтлоо дэвшин ажилласан. 1991 онд нийслэлд шилжин ирж, Хууль зүйн газарт шүүх хариуцсан зааварлагч, 1993 оноос Нийслэлийн шүүхийн шүүгчээр тус тус ажилласан. Ерөнхийдөө мэргэжлээрээ 25, шүүгчээр 20 жил ажилласан Монгол Улсын шүүхийн шүүгчийн дэд түшээ зэрэгтэй эмэгтэй аж.  

Харин Х.Батсүрэнгийн хувьд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 47 настай. 1989 онд ЗХУ-ын ДЯЯ-ны академи, 1999 онд ХБНГУ-ын Готтенгений их сургуулийг эрхзүйч мэргэжлээр тус тус төгссөн хуульзүйн ухааны магистр зэрэгтэй хүн аж. Тэрбээр ажлын гараагаа 1989 онд Хэнтий аймгийн Цагдан сэргийлэх ангийн төлөөлөгч /1989-1990/-ийн албанаас эхэлж, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст төлөөлөгч /1990-1995/, ШЕЗ-ийн мэргэжилтэн /2000-2004/, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгч /2004-2011/, Ерөнхий шүүгчээр /2011 оноос/ тус тус ажилласан, мэргэжлээрээ 12 жил, шүүгчээр 8 жил ажилласан туршлагатай нэгэн гэнэ.      

Гишүүд ШЕЗ-ийн дарга болон нэр дэвшигчдэд асуулт тавьж, хэд хэдэн санал хэлснээс заримыг нь дурдвал Ц.Даваасүрэн гишүүн шүүгчдийн томилгоотой уялдуулан шүүхийн байгууллагын ажиллагаа сайжрахгүй, янз бүрийн нөлөөнд автаж шударга бус шийдвэр гаргаж байгаа. Шүүгчийг хараат бусаар ажиллуулахын тулд ахуй амьдрал, хангамжинд нь төдий л анхаарахгүй байгааг шүүмжлээд энэ хоёр хүнийг ямар шалгуураар оруулж ирснийг асуулаа. Мөн Р.Гончигдорж гишүүн ч нэр дэвшигчдийг УИХ-д танилцуулж буй үндсэн агуулга, учир утга нь юунд оршиж байгааг ШЕЗ-ийн даргаас асуугаад хараат бус байдлын хангалтыг илүү баталгаажуулах чиглэлээр бүх нэр дэвшигч, түүнээс хэн нь ямар шалгуураар яагаад шалгарсан тухай мэдээлэлтэй танилцаж болох эсэхийг лавлалаа. Ц.Зориг дарга энэ мэдээлэл нээлттэй болохыг хэлээд “Одоогийн дагаж мөрдөж байгаа хуулиар УДШ-ийн шүүгчээр нэр дэвшигчийг УИХ-д танилцуулснаар Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ гэж байгаа. Хяналтын шатны шүүхэд ямар шүүгч томилогдох гэж байгааг хууль тогтоох дээд байгууллага УИХ-д танилцуулдаг байх заалт нь өөрөө шүүхийн хараат бус байдлыг хангаж байгаа болов уу гэж ойлгодог. ШЕЗ-ийн олонхын санал авсан энэ хоёр хүн шүүгчийн сонгон шалгаруулалтанд орж, мэргэжлийн шалгалтанд тэнцсэн учраас нэр дэвшсэн. Ер нь ШЕЗ-ийн даргын захирамжаар батлагдсан журмын дагуу шүүгчээр ажиллах болзлыг хангасан хүмүүс сонгон шалгаруулалтад ордог. Шүүхийн тухай багц хуулийг шинэчилснээр Шүүгчийг сонгон шалгаруулах журам үндсээрээ өөрчлөгдөж олон улсын жишигт нийцэж байгаа. Хоёр нэр дэвшигчийн хувьд 20-25 жил ажилласан, мэдлэг туршлагатай, шударга ажиллаж байгаа, цаашдаа ч ингэж ажиллана гэсэн үүднээс оруулж ирж байгаа” хэмээн хариуллаа.

Чуулганы нэгдсэн хуралдаан цагтаа эхлээгүй тул УИХ-ын дарга цаг сунган хуралдах болсныг мэдэгдсэний дараа нэр дэвшигчид цаашдаа юунд анхаарч ажиллах талаар олон гишүүн анхааруулсны дотор Ц.Даваасүрэн гишүүн шүүх засаглалыг шударга болгоход хувь нэмэр оруулах, наанадаж шүүгчдээ хараат бус байлгаж, ард түмэн шүүхдээ итгэдэг болгохын тулд 2013 оны төсвийн хэлэлцүүлэг дээр шүүгч нарын нийгмийн асуудалд анхаарах учиртайг дурдсан бол Х.Тэмүүжин гишүүн шинээр томилогдож буй шүүгч нарт бусад шатны шүүгч нар нь идеал болгон хардаг, үлгэр дууриалтай байх ёстойг захилаа. Мөн Д.Тэрбишдагва гишүүн "Шүүхийн орчин шинэчлэгдэж байгаа өнөө үед шүүхийн практик дээр шүүгч нар ёс зүйгүй, харилцаа муутай байгаа, шүүгч хүн шударгын дээр зан авир, ёс суртахуунтай байх учиртай" хэмээн хэлж байв.

Ийнхүү хуульд зааснаар УДШ-ийн шүүгчид нэр дэвшигчдийн талаар нэгдсэн чуулган дээр санал хураалгүй, УИХ-д танилцуулсан тухайд УИХ-ын дарга Ерөнхийлөгчид танилцуулахаар боллоо. 

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top