Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг О.Баасанхүү, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, А.Бакей, Ж.Батсуурь, Х.Болорчулуун, Н.Номтойбаяр, Г.Уянга, Б.Бат-Эрдэнэ нарын нэр бүхий есөн гишүүн санаачлан боловсруулснаа өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.
Өнгөрсөн 19 жилийн хугацаанд эрүүл мэндийн даатгалд хүн амын дийлэнх хэсэг хамрагдаж 2011 онд 98,6 хувьд хүрчээ. “Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай” хууль 1993 онд батлагдсанаас хойш нийт 9 удаагийн нэмэлт өөрчлөлт оруулж, нэг удаа шинэчлэн найруулсан бөгөөд хамгийн сүүлд 2006 онд уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Энэ нэмэлт өөрчлөлтүүд нь тухайн цаг үеийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэгдэж байсан хэдий ч даатгуулагчийн эрхийг хамгаалах, тэдэнд хэрэгцээтэй чанартай үйлчилгээг худалдан авдаг даатгалын байгууллагыг төлөвшүүлэн бэхжүүлэх зэрэг олон бэрхшээлийг хараахан шийдвэрлээгүй байна. Үүний тулд эрүүл мэндийн даатгалын харилцаанд оролцогч талуудын чиг үүргийн зааг ялгааг тодорхой болгох талаар даатгалын тогтолцоонд дорвитой өөрчлөлт оруулах шаардлага байгаа хэмээн үзэж буйгаа төсөл санаачлагч гишүүд УИХ-ын даргад тайлбарлалаа.
Тиймээс даатгуулагч өвдсөн, үйлчилгээ шаардлагатай үедээ санхүүгийн эрсдлээс төдийлөн хамгаалагдаагүй, өвчнөөс урьдчилан сэргийлэх үйлчилгээ ЭМД-ын үйлчилгээнд оновчтой тусгагдаагүй зэргээс үүдэн иргэний өөрөөсөө төлөх төлбөр нэмэгдэж улмаар ядууралд ороход нөлөөлж буй зэрэг асуудлыг шийдвэрлэхийн тулд ЭМД-ын хамрагдах үйлчилгээний нэр төрлийг даатгуулагчийн эрүүл мэндийн хэрэгцээтэй уялдуулан өргөжүүлж даатгалын зардлын хамралтыг нэмэгдүүлэхээр тусгасан байна. Мөн эрүүл мэндийн тусламж, даатгалын тогтолцоог төгөлдөржүүлэх, эрүүл мэндийн даатгалын сангийн менежментийг сайжруулах, улсын төсвөөс хавтгайруулан хэт олон даатгуулагчийн шимтгэлийг хариуцаж байгаагаас Засгийн газраас тэдний эрүүл мэндийг хамгаалуулах шимтгэлийн хэмжээг маш бага түвшинд тогтоодгийг өөрчлөх зэрэг хэд хэдэн өөрчлөлтийг хийхээр хуулийн төсөлд тусгасан байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )