Баасан гарагийн /2012.10.05/ УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан Засгийн газрын цагаар үргэлжилж Ерөнхий сайд Н.Алтанхуяг гишүүдийн сонирхсон асуултанд хариулт өглөө.
Төрийн ордныг нээлттэй болгосон, Засгийн газар иргэдэд зориулсан 111 гэсэн шууд утас нээх гэж байгаа зэрэг шинээр эхэлсэн ажлуудаа Ерөнхий сайд танилцуулав. Гишүүн Ж.Батзандан Монгол Улсын хамгийн олон хүн амтай нэгж болох Баянзүрх дүүрэгт амаржих газар байхгүй байгааг сануулсан юм. Тэрбээр “Эхнэр хүн болгон хүүхэд төрүүлдэг. Баянзүрх дүүрэг хамгийн олон хүн амтай. Гэтэл тэнд амаржих газаргүй. Та ч аав, би ч аав. Үүнд анхаарч өгөөч. Хоёр мянган хүнтэй сум, хоёр зуу шахам мянган хүн амтай дүүрэгт бараг ижилхэн төсөв хуваарилдагийг зогсоогооч” гэж байлаа.
УИХ-ын гишүүн М.Зоригт “Хөдөөгийн сумдын сургуулиудын мэдээлэл зүйн танхимуудыг тоног төхөрөмжөөр хангах хэрэгтэй. Хоёр сумаар ороход кабинетдаа хоёрхон компьютертай байна. Гэтэл сумд шилэн кабельтай болсон. Сумдад амаржих газрын асуудлыг анхаарах хэрэгтэй. Аймгийн төвд эхчүүдийг амаржуулахад алс газраас ирэхэд хүндрэлтэй байдаг. Жишиг сумд бий болгоход анхаарах хэрэгтэй, бэлчээр, худгийн асуудалд анхаарах шаардлагатай байна” гэж байлаа. Холбогдох сайд нарын хариулснаар сумдын сургуулийг компьютержүүлэх ажлыг ирэх оны төсөвт суулгаж буй аж. Х.Баттулга сайдын мэдэгдснээр орон нутагт 1000 худаг барих төлөвлөгөө байгаа юм байна. Мөн сумдын эхчүүдийг аймгийн төвд амаржуулахад илүү тав тухаар хангаж, 2013 онд баригдах бүх барилгыг шинэ технологи ашиглаж барихаар төлөвлөж, төсөвт тусгасан байгаа гэдгийг Н.Батбаяр сайд нар хэллээ.
Чуулганы нэгдсэн хуралдаанд Засгийн газрын тэргүүний мэдээлэл хийх хугацаа нэг цаг гучин минут үргэлжлэх хуультай бөгөөд олонхи цөөнх гэлтгүй бүх гишүүд Ерөнхий сайдаас асуулт асууж, хариулт авах эрхтэй байдаг.
Жендэрийн тэгш байдлын хууль нэг сараас эхлэн хэрэгжинэ. Үндэсний механизм шаардагдаж байгаа. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч ажиллах вэ, агаарын бохирдолыг хэрхэн бууруулах, сургуулийн өмнөх боловсролын тухай асуудлын талаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг сонирхлоо. Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Агаарын бохирдлыг бууруулах олон салбарын төлөөлөл орсон комисс ажиллаж байгаа. Өнгөрсөн жил олон арга хэмжээ авсны нэг нь утаагүй зуух төсөл юм. Үр дүнтэй болж байгаа гэж үзэж байна. Жендэрийн хувьд харьцангуй мэдрэмжтэй ажиллаж байгаа хэмээн хариулт өглөө.
Харин С.Бямбацогт гишүүн ерөнхий сайдын баруун аймгуудаар хийсэн томилолтод талархалтай хандаж байгаагаа хэлээд бүсийн нэмэгдлийн асуудлыг ойрын үед хэрхэн шийдэх талаар сонирхсон юм. Улаанбаатараас алслагдах тусам өртөг нэмэгдэж, тэр хирээр амьдралын чадавхи сулардаг. Түүнээс болж төвлөрөл үүсдэг талтай. Учиргүй нэмэгдэл өгдөггүй юм гэхэд улсын хэмжээнд ижил үнэтэй байх бодлого баримтлаж болохгүй юу гэв. , Цементийн үйлдвэр, дулааны станц, цахилгаан станцын асуудлыг барих асуудлыг чухалчилж үзэх нь зүйтэй гэдгийг санууллаа. Бүсийн нэмэгдлийг нэг жилийн дотор шийдэх амлалттай. Хоёр чиглэлд шийдэхээр ажиллаж байна. Нэгд татварын нэмэгдлийг олгох, хоёрт дутагдаж буй бараа бүтээгдэхүүний хангамжийг олгох тухай хуулийн төслийг боловсруулж байгаагаа дуулгав. Харин дулааны болон цахилгааны станцын тухайд шийдэх, тодорхой болгох асуудал багагүй байгаа учир холбогдох албаны хүмүүс ажлын хэсэг байгуулан ажиллаж байна хэмээн Засгийн газрын тэргүүн хэлсэн.
Гишүүд хүний хөгжлийн сангийн 21 мянган төгрөгийн үлдэгдэл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авалгүй үлдсэн 340 мянган төгрөгийг энэ онд өгөх эсэх, орон нутгийн хөрөнгө оруулалт, лиценз гэх зэрэг олон асуулт тавьж байлаа.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар “Чингис хааны нэрээр нэг тэрбум, таван зуун сая төгрөг амлуулсан. Гэтэл ирэх жилийн төсвийн төслөөс хайгаад олсонгүй. Чингисийн төрсөн нутаг Хэнтий аймагт энэ мөнгийг хуваарилж өгөөрэй” хэмээн захив. Ерөнхий сайдын хариулснаар Чингисийн нэг тэрбум, таван зуун сая төгрөгөөс Ц.Оюунгэрэл сайд хөшөөний төсөл гаргуулахаар нэг зуун мянган төгрөгийг эхний ээлжинд төсөвлүүлсэн гэдгийг хэллээ. Гишүүн А.Тлейхан Асгатын мөнгөний ордын ашиглалтыг сайжруулах санал тавилаа. Уул уурхайн сайд Д.Ганхуягийн хариулснаар Асгатын замыг цэргүүдийн хүчээр засч байгаа бөгөөд төлөвлөсөн ажлуудыг журмаар нь хийнэ гэж байлаа.
С.Ганбаатар гишүүн нийгмийн түншлэлийг Н.Алтанхуягийн Засгийн газрын үед ажил хэрэг болгох ёстойг шаардлаа. Төмөрлөгийн уурхай, төмөр зам, нүүрс угаах үйлдвэр бодитой болох эсэхийг тэрбээр сонирхож байв. Сайд Х.Баттулга эдгээр ажлын эхлэл бүгд тавигдаад байгааг хэллээ. Гишүүн О.Содбилэг наадмын дараа орсон ширүүн борооны уршгаар Орхон аймагт их хэмжээний хохирол учирсан. Хохирол барагдуулах хөрөнгө хэзээ газар дээрээ очихыг асуулаа. Мөн Эрдэнэтийн аж үйлдвэрийн паркийг хэзээ ашиглалтад оруулахыг сонирхсон юм.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Орхон аймгийн хохирлыг барагдуулахаар 300 гаруй сая төгрөг төсөвлөсөн. Бусад газрын хохирлыг ирэх жилийн төсөвт суулгана гэсэн хариулт өгөв. Эрдэнэтийн үйдвэрлэл-технологийн паркийн хувьд бичиг баримт гүйцэд бүрдээгүй. ТЭЗҮ, мастер төлөвлөгөөг бэлэн болгох шаардлагатай байгаа юм байна.
Үүгээр Ерөнхий сайдын асуулт хариулт дуусч чуулганы хуралдаан өндөрлөлөө.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )