ОХУ-ын Ерөнхийлөгч 60 насыг зооглолоо

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 08

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин 1952 оны 10-р сарын 7-нд, одоогийн Санкт-Петербург хотод төржээ. Түүний эцэг нь Тэнгисийн цэргийн  зөвлөлд ажиллаж байжээ.  Харин ээж нь үйлдвэрт ажилладаг байв. Хоёр ах нь 1930-аад оны үед төрсөн боловч нэг нь хэдхэн сартайдаа, нөгөө нь Ленинград хот бүслэгдсэн, дайны хүнд үед сахуу өвчнөөр нас барсан байна.


Түүний өвөө (эцгийн талын) Спиридон Иванов /1879- 1965/ Лениний тогоочоор ажиллаж байсан бөгөөд 1924 онд Ленинийг нас барсны дараа түүний эхнэр Надежда Крупскаягийн дэргэд үргэлжлүүлэн ажиллаж байв. Хожим нь Москвад шилжин ирсний дараа Зөвлөлтийн удирдагч И.В Сталины тогооч байлаа. Үүний дараа ЗХУКН-ын хороонд ажиллажээ. Тэр үед бяцхан Путин өвөөгийнхөө хамт Москвад шилжин иржээ.
Тэрээр 1960 онд сургуульд оров. Тавдугаар ангид байхдаа ангийнхаа 45 хүүхдээс хэдхэн хүүхэд пионерийн гишүүн болоход тэрээр пионерт элсч чадаагүй юм. Тэр танхай, сахилгагүй сурагч байснаас пионерийн гишүүн болж чадаагүй гэнэ. Зургадугаар ангиасаа спорт сонирхож самбо, жүдогоор хичээллэж дэлхийн хэмжээний тамирчин болсон юм.


В.Путин 1975 онд Ленинградын улсын их сургуулийг хуульч мэргэжлээр төгсчээ. Их сургуулиа төгсөөд ЗХУ-ын Аюулаас хамгаалах хороонд ажиллав. 1990 онд Ленинград хотын зөвлөлийн дарга А.Собчакийн зөвлөхөөр ажиллав. 1991 онд Собчак Санкт Петербург хотын даргаар сонгогдсоныхоо дараа 1994 онд В.Путиныг нэгдүгээр орлогчоороо томиллоо. 1996 онд Собчак орон нутгийн сонгуульд ялагдаж Путин Москвад ирж ОХУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын орлогч, хяналтын газрын дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын нэгдүгээр орлогч даргын албыг хашсан байна. Харин 1998 оноос Холбооны аюулаас хамгаалах албаны даргаар ажилласан юм. Ийнхүү Ерөнхийлөгчийн Тамгын газар олон жил алба хашсан тэрээр 1999 оны наймдугаар сард Засгийн газрын тэргүүнээр сонгогдсон билээ. Гэтэл дөрвөн сарын дараа Б.Ельцин Ерөнхийлөгчийн албаа орхиход тэрээр Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажилласан юм. Тэр үед В.Путинийг Ерөнхийлөгч болгох хүсэлтэй хүн олон байв. Тэд Б.Ельцинд энэ тухай саналаа хэлж байлаа. Тэдний дотор Б.Березовский байжээ. Ингээд Б.Ельциний гаргасан түүхэн шийдвэрийг В.Путин хүлээн авсанаар тэрээр ОХУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж удаах сонгуулиар өөрийн намын хүн Деметрий Медведевийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлж өөрөө улсынхаа Ерөнхий сайд болсон. Өнгөрсөн жил ОХУ-д Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болж Путин дахин Ерөнхийлөгчөөр сонгогдоод байна.


А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top