Н.Лувсанжавын ажлыг өндрөөр үнэлэв

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 08

Бүх шатны сонгуулийг өөрчлөн шинэчлэхэд идэвхтэй ажиллаж ялангуяа хуулийг хэрэгжүүлэхэд бүртгэх, тоолох техник ашиглах зэргээр шинэлэг арга барилаар ажилласан гэж УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хорооны дарга А.Бакей Сонгуулийн Ерөнхий Хорооны даргаар ажиллаж байсан Н.Лувсанжавын ажлыг өндөр үнэллээ.

Өнөөдөр түүнийг Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны даргын ажлаа Чойнзонгийн Содномцэрэнд албан ёсоор хүлээлгэн өгөх үеэр тэрээр ингэж хэлсэн юм.

3 удаагийн сонгуулийг амжилттай хамт зохион байгуулж Монголд төдийгүй Азид анх удаа сонгуульд техник хэрэгсэл ашиглах зэргээр шинэлэг олон зүйл хэрэгжүүлэхэд Н.Лувсанжавын хуульчийн мэдлэг, чадвар, туршлага их тус дэм болсныг СЕХ-ны даргаар томилогдсон Ч.Содномцэрэн энэ арга хэмжээний үеэр тэмдэглээд түүнд цаашдын ажилд нь их амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

Түүнчлэн СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн Монгол Улсад чөлөөт, ардчилсан сонгуулийг зохион байгуулж явуулах, сонгуулийн байгууллагыг бэхжүүлэх, сонгуулийн ажлыг чадварлаг удирдан зохион байгуулсан учир Намсрайжавын Лувсанжавын нэрийг СЕХ-ны “Хүндэт дэвтэр”- т бичиж алдаршуулан үлдээж байгаагаа мэдэгдлээ.

УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хорооны дарга А.Бакей СЕХ-ны шинэ удирдлагад хандаж, удахгүй болох аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг хуулийн дагуу шударга, маргаангүй зохион байгуулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top