АН өнөөдрийн бүлгийн хуралдаанаараа 2013 оны төсвийн тухайн хууль, Хүний хөгжлийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хуулийг хэлэлцсэн байна. Мөн улс орны эдийн засгийн цаашдын хөгжлийн хандлага, ажлын байрыг нэмэгдүүлэх, бүтээн байгуулалт хийхдээ ямар санхүүгийн ямар механизм хэрэглэхээ ярилцсан байна.
Засгийн газрын бонд гаргах асуудлаар Эдийн засгийн хөгжлийн сайд Батбаярын илтгэлийг сонссон байна. Тиймээс богино хугацааны таван тэрбум ам.долларын бонд гаргахыг АН дэмжив. Эхний ээлжний 1.5 тэрбум ам.долларын бондыг их бүтээн байгуулалтад ашиглахаар боллоо. Ингэхдээ хувийн секторуудыг дэмжих, экспортыг нэмэгдүүлж, зээлийн хүүг бууруулахад голлон анхаарах аж. Өмнө нь гаргаж байсан бондын хяналт сул байсан. Өөрөөр хэлбэл анхны хөрөнгө оруулалтаараа улсыг өрөнд оруулсан түүх бий. Үүн дээр шинжилгээ хийж хариуцлагын тогтолцоог нэмэгдүүлэхээр болсон байна.
Бүлгийн хуралдаанаар 2013 оны төсвийн төслийг мөн ярилцсан байна. Шинэ Засгийн газрын анхны төсөв гэдэг утгаараа сайтар боловсруулсан ч эргэн харах зүйлс их байсан гэнэ. Тодруулбал төсвийн алдагдал ДНБ-ий 2 хувиас хэтрэхгүй байх гэнэ. Өөрөөр хэлбэл ирэх оны төсвийн алдагдал 360 тэрбум төгөрг байх гэнэ. Нийт зарлага 7.4 их наяд, нийт тэнцвэржсэн орлого нь 7 их наяд байх ажээ.
Улмаар ажлын хэсэг байгуулахаар болжээ. Ажлын хэсэг ЖДҮ эрхлэгчдэд олгож байгаа зээлийг эргэж харах гэнэ. Мөн газрын тосны салбарт татварын хөнгөлөлтийг 10 жил үзүүлсэн байна. Тус салбараас татвар авдаг болсноор жилдээ төсөвт 10 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх боломжтой болж байгаа аж.
Нийт төсвийн 9 хувийг эзэлж байсан орон нутгийн төсөв ирэх жилээс 20,7 хувь /2.3 дахин өсөж байгаа/ болж байгаа. Тиймээс хяналт, хариуцлагыг нь ярилцсан байна.
2013 оны төсөвт бэлэн мөнгөний нийлүүлэлтийг хязгаарлах гэнэ. Цалин мөнгөний нэмэгдэлд 100 гаруй тэрбум төгрөгийг тусгасан байна. Цаашид цалин хөлс нэмэх үзэгдлийг зогсооно гэдгийг АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээллээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )