Н.Энхбаярын хэрэгт холбогдох албан тушаалтнуудыг тусад нь шалгаж эхэлжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 08

Өнөөдөр АТГ-аас  “Авлигын эсрэг хамтдаа” арга хэмжээг “Элит төв”-д зохион байгуулсан юм. Тус арга хэмжээнд тус газрын Тамгын хэлтсийн дарга Ж.Наранбаатар, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Б.Бат-Отгон, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батсайхан, Судалгаа шинжилгээний албаны дарга Д.Дуламсүрэн, Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Э.Амарбат, УИХ-ын зарим гишүүд оролцож мэдээлэл өгөв.

Арга хэмжээний үеэр төрийн үйлчилгээнд оршиж буй нийтлэг алдаа дутагдал, зөрчлийг арилгах ажлын төлөвлөгөө боловсруулахад санал авч, нийтийн албан тушаалтнуудад хуулиар тогтоосон 12 төрлийн хориглолт, хязгаарлалтын талаар арга зүйн зөвлөгөө өглөө. Мөн албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг, бусад мэдүүлэг, мэдэгдлийг хэрхэн бөглөх талаар заавар зөвлөгөө өгч, иргэдийн сонирхсон асуултад хариулахаас гадна өргөдөл, гомдол, санал хүлээн авав. Түүнчлэн Авлигатай тэмцэх газрын www.iaac.mn цахим хуудас болон twitter, facebook хуудсыг олон нийтэд танилцууллаа.

Арга хэмжээний үеэр АТГ-ын мөрдөн шалгах албаны дарга, ахлах комиссор Э.Амарбатаас Н.Энхбаярын хэрэг болон бусад шалгагдаж байгаа хэргийн талаар тодруулахад, УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяр, НИТХ-ын дарга асан Д.Билэгт, БСШУЯ-ны сайд асан Н.Болормаа нарт холбогдох хэргийг тусад нь шалгаж эхэлсэн. Мөн "Өргөө" зочид буудлын хэргийг шалгахад саад болж байгаа зүйл бол НИТХ-ын дарга асан Д.Билэгт оргон зайлсан явдал гэдгийг АТГ-ынхан онцолж байлаа.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top