Дахин санал хураалтыг орон нутгийн сонгуультай хамт явуулна

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 09

Сонгуулиас сонгуулийн хооронд СЕХ-ны дарга нар ёс адил солигддог дүр зураг сүүлийн хэд хэдэн сонгуулийн дараачаар гарлаа. СЕХ-ны дарга Н.Лувсанжавыг өөрийнх нь саналаар үүрэгт ажлаас нь чөлөөлж оронд нь дэд дарга Содномцэрэнг өчигдөрхөн томиллоо. СЕХ-ны даргын томилгооны асуудал дээр зарим нам, эвслүүд ихээхэн хардаж байгаагаа хэвлэлээр мэдэгдээд амжсан. МАН-ын дарга Ө.Энхтүвшин гэхэд л саяхны нэгэн ярилцлагадаа Н.Лувсанжавыг дарамталсан нь тодорхой гэж дурьдсан байх юм.

СЕХ-ны бүтцэд хэдийгээр өөрчлөлт орсон ч хуучин удирдлагууд нь бараг хэвээрээ шахуу батлагдлаа. Тэд орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлаа базаагаад тун чиг завгүй ажиллаж байгаа талаар шинэхэн удирдлага Ч.Содномцэрэн мэдэгдсэн. Өнөөдрийн байдлаар СЕХ-нд ирсэн урьдчилсан байдлаар хоёр эвсэл, таван нам Орон нутгийн сонгуульд оролцохоор материалаа хүргүүлсэн байна.

Тухайлбал, зарим аймаг дээр дөрвөн нам, нэг эвсэл, Чингэлтэй дүүрэгт зургаан нам эвсэл өрсөлдөхөөр материалаа өгчээ. Бэлтгэл ажлын хувьд графикийн дагуу үргэлжилж байгаа бөгөөд энэ удаагийн сонгууль автоматжуулсан системээр явагдах нь тодорхой юм. Нэр дэвшигчид тодорч байгаа учраас саналын хуудасны загвар файлыг гаргаж ирэх долоо хоногоос саналын хуудасны загварыг баталж, хэвлэж эхлэх сурагтай.

Мөн УИХ-ын сонгуулийн дахин санал хураалтыг орон нутгийн сонгуультай хамтатган явуулахаар болжээ. Дахин санал хураалтыг орон нутгийн сонгуультай хамтатган явуулах нь илүү үр дүнтэй гэж үзэж Төрийн байгуулалтын байнгын хорооноос үүрэг чиглэл өгсөн аж. Зарим маргаантай тойргуудын асуудал ч нэг мөр хуулийн дагуу шийдэгдэх нь. Тиймээс ирэх сарын сүүлээс эхлэн УИХ элэг бүтэн болох төлөвтэй.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top