Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны тойм

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 09

 

Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдаж Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2011 оны санхүүгийн нэгдсэн тайлан, “Чингис хаан” одон бий болгох тухай УИХ-ын 2002 оны 21 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий болон Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцах Ажлын хэсгүүд байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл, Байнгын хорооноос УИХ-ын 2012 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөө хэлэлцэв.

 Байнгын хорооноос хамгийн түрүүнд Монгол улсын 2011 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай хэлэлцлээ.  2011 оны гарсан төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайлантай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Батзандан 2011 оны төсвийн гүйцэтгэлтэй холбоотой хэдэн зөрчил илэрсэн. Тэдгээрт ямар арга хэмжээ авсан тухай асуулт тавилаа.

 Ерөнхий аудитын газрын дарга н.Батбаяр: Бид төсвийн тайланд нэг бүрчлэн хяналт тавьдаггүй. Санхүүгийн тайланг түүвэрлэх аргаар стандартын дагуу хийдэг. Харин санхүүгийн тайланд алдаа гарсан тохиолдолд зөв болгох заавар зөвлөмжийг өгдөг. Тэрнээс биш шийтгэх хариуцлага тооцохыг гол чиглэлээ болгон ажилладаггүй. Энэ нь ч үр өгөөжтэй гэж үзэж байгаа. Манайд хэрэгжиж  байгаа аудитын тухай хууль бол хөгжингүй орнуудын хэрэглэдэг хууль. Тиймээс алдаа дутагдал багатай гэж бодож байна. Харин хуулийг зөрчсөн бол шүүхэд шилжүүлдэг” гэлээ.

Харин гишүүдийн зүгээс Ерөнхий аудитын газраас гаргадаг тайлан арван жилийн өмнө ямар байсан яг тэрэнтэй адилхан байна. Үүнийг төрийн байгуулалтын байнгын хорооноос хэлэлцээд л өнгөрдөг. Үүнийг өөрчлөн шинэчилж хяналт тавьдаг болгох хэрэгтэй байна. Тухайлбал 2011 оны төсөв улс оронд хэрэгтэй биш намын, улс төрийн зорилгоор ашиглагдсан. Үүнд харин хяналт тавьж, жилдээ нэг гаргадаг тайланг олон болгох хэрэгтэй байгаа талаар сануулаад хяналтын ерөнхий хороонд хүргүүлэхийг дэмжлээ.

Эзэн Чингис хаан 11-р сарын 14-ны өдөр гэдгийг судлаачид тогтоосон байна.  Энэ өдрийг тохиолдуулан “Чингис хааны одон”-г гардуулах санал санаачлагыг хэлэлцэв. Өөрөөр хэлбэл өмнө нь энэхүү одонг наадмын үеэр Ерөнхийлөгчийн зарлигаар  олгодог байсан юм.  Энэ үеэр Эзэн хааны төрсөн өдрийг  Үндэсний бахархлын өдөр болгох санааг Н.Батцэрэг гишүүн хэлэв.  Ч.Сайханбилэг гишүүн:  Эрдэм шинжилгээний хурал  зохин байгуулж, шагналд “иж бүрэн” хандах хэрэгтэй гэж саналаа хэлэв. Өөрөөр хэлбэл эзэн хааны төрсөн өдрөөр орон даяар амрах,  нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх баяр, Ерөнхийлөгчийн зарлигаар бус УИХ-аас гарсан шийдвэрээр шагнах, шагналыг  түүхэн уламжлалтай холбон гардуулдаг болох гэнэ.  Энэхүү төслийг гишүүд 100 хувийн саналаар дэмжив.

Дашрамд дуулгахад Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон болох энэхүү одонг Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди санаачилж, УИХ сайшаан дэмжсэнээр 2002 оны тавдугаар сарын 17-ны өдөр уг одонг бий болгох тухай тогтоол батлагджээ. Үндэсний их баяр наадмаар буюу жил бүрийн долдугаар сарын 11-ний өдөр төр, нийгэмд онцгой гавьяа байгуулсан Монгол Улсын иргэнд болон дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өргөн сурталчлах, тус улсын эдийн засаг, нийгэм, оюун санааны хөгжилд бодитой хувь нэмэр оруусан гадаадын иргэнд хүртээж байхаар тогтоосноор одоогоор 6 хүн шагнуулаад байгаа аж.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өнгөрсөн хугацаанд  Ерөнхийлөгч, ЗГ-ын зүгээс   мэдүүлсэн байна. Улмаар ЗГ хуулийн төслөө татжээ.  Өнгөрсөн хугацаанд анхны хэлэлцүүлэгт хийгдсэн ч ажлын хэсэг байгуулах шаардлагатай гэж үзсэн байна.  Улмаар  ажлын хэсгийг УИХ-ын гишүүн M.Батчимэг ахлахаар болсон бол дэд хэсэгт нь  парламентийн сэтгүүлчид болон СНЭ-ийн  төлөөлөл багтаж байгаа юм байна.  Энэ хууль нь одоо хэрэгжиж байгаа хуулийг бодвол  боловсронгуй болсон ч зарим зүйл заалтыг эргэн харах хэрэгтэй байгааг эх сурвалж хэлэв.

МҮОНРТ-ийн тухай хуулийн хэрэгжилтэд ажлын хэсэг байгуулахаар болсон.  Уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, байнгын хорооны дарга А.Бакей ахлахаар болжээ. Улмаар А.Бакей өөрийн хүсэлтээр ажлын хэсгийг ахлахаас татгалзан гишүүнээр ажиллахаар болж, Л.Цог ажлыг хэсгийг ахлах боллоо.

Үүний дараа намрын ээлжит чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөөг баталсан байна.   

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top