Нэр дэвшигчдэд зөвлөмж гаргажээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 09

СЕХ  хуралдаж, Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдон аймаг, дүүргийн сонгуулийн хороодоос ирүүлсэн хүсэлтийг хэлэлцээд зөвлөмж гаргажээ.

Уг зөвлөмжид  сонгуульд оролцох нам, эвслийн баримт материалыг хүлээн авч бүртгэхдээ хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсэгт заасан баримт бичгийн бүрдлийг шаардах ёстой аж. Мөн хуульд заагаагүй байхад баримт бичгийн хуудас бүрт тамга дарсан байхыг шаардах, хуулбарыг нотариатаар батлуулсан байхыг шаардах зэргээр бүртгэхээс үндэслэлгүй татгалзах аливаа үйлдлийг гаргахгүй байх, бүртгэхээс татгалзахдаа хуулийн 24.2 дахь хэсгийн заалтыг баримтлахыг зөвлөмж болгов.

Мөн төрийн албан хаагч нэр дэвших тохиолдолд тавигдах шаардлагыг тодорхойлохдоо, Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн заалтыг баримтлах ёстой бөгөөд хуулийн 25.4, 25.5 дахь хэсгийн шаардлагыг хангасан тохиолдолд нэр дэвшигчийг бүртгэх нь зүйтэй гээд энд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байх шаардлагыг баримталбал зохино гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.

Түүнчлэн нэр дэвшигчийг бүртгэхдээ, хуулийн 28.2 дахь хэсэгт заасан баримт бичгийн бүрдлийг шаардах бөгөөд бүртгэхээс татгалзахдаа 28.9 дэх хэсэгт заасан үндэслэлийг баримтална. Эдгээрт заагдаагүй баримт бичгийг нэмж шаардах, хуульд заагдаагүй үндэслэлээр нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзахгүй байхыг анхааруулжээ.

Сонгуулийн ерөнхий хороо нь Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэгт заасны дагуу сонгуулийн хороодод мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй бөгөөд хуулийн заалтаар тайлбар гаргах бүрэн эрх эдлэхгүй. Харин дээр дурьдсан асуудлаар СЕХ-ны байр суурийг илэрхийлж, сонгуульд оролцох улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчийг бүртгэх асуудлыг шийдвэрлэхдээ, Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 6.3-т заасныг анхаарч, аль болох иргэний сонгох, сонгогдох эрхээ эдлэх бололцоог хангах талаас нь хандаж ажиллахыг зөвлөмждөө тусгасан байна.

А.Баярмаа

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top