МАН-аас долоо хоног бүрийн мягмар гаригт сэтгүүлчдэд мэдээлэл хийдэг уламжлал саяхнаас тогтоод байгаа. Өнөөдөр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар нар намынхаа шинэ аппаратыг танилцуулсан юм. МАН-ын дотоод асуудлыг хариуцах Хэрэг эрхлэх газрын Тамгын газрын даргаар Ш.Раднаасэдийг томилсноо дуулгалаа. Мөн Намын байгуулалтын хэлтсийн даргаар Байгаль орчны дэд сайд асан Ч.Жаргалсайхан томилогдсон байна.
Мөн Улс төрийн бодлогын хэлтсийн даргаар Н.Дэмбэрэл, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны даргаар Б.Хажидмаа, Мэдээллийн технологийн хэлтсийн даргаар Б.Цогтгэрэл нарыг тус тус томилжээ. МАН-ын генсек төрийн албанаас халагдсан олон залуус МАН-д элсэн шинэ эрч хүчээр сэлбэж байгаа хэмээгээд МАН-аас намын “Гишүүдээ сонсъё” уриан дор хэлэлцүүлэг өрнүүлж, орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж байгаагаа дуулгалаа.
Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг жирийн гишүүдээрээ хэлэлцүүлж, үүрүүдээс сонгож байгаа бөгөөд нэр дэвшүүлэхдээ тухайн аймаг сум, хороог өөрчилж хөгжүүлж чадах шинэлэг залуусыг дэвшүүлжээ. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар "Орон нутгийн сонгуулийн хуульд эмэгтэйчүүдийн квотыг тусгаагүй боловч МАН эмэгтэйчүүдийн квотыг 25 хувиар тогтоосон" гэв.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )