Улсын Их Хурлын дарга З.Энхболд НҮБ-ын Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч хатагтай Сезин Синаноглуг өнөөдөр /2012.10.09/ хүлээн авч уулзлаа. УИХ-ын дарга З.Энхболд Монгол болон НҮБ-ын хамтын ажиллагаанд сэтгэл дүүрэн байдгаа илэрхийлээд НҮБХХ-өөс хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжил, хүний нөөцийн чадавхийг хөгжүүлэхэд их хувь нэмэр оруулж буйг тэмдэглэлээ.
Мөн тэрбээр УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж буй асуудлуудын талаар товч танилцуулаад 2007-2011 оны НҮБ-ын Хөгжлийн тусламжийн хүрээнд тусгагдсан үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж, тавьсан зорилтуудаа биелүүлж, үр дүнд хүрсэнд баяр хүргэлээ. НҮБ-ын Хөгжлийн тусламжийн хүрээний 2012-2016 оны хамтын ажиллагааны шинэ үе шат эхэлсэнд таатай байгаагаа мөн илэрхийлсэн юм.
Хатагтай Сезин Синаноглу НҮБ-ын Хөгжлийн тусламжийн хүрээ-2012-2016 баримт бичгийг УИХ-ын дарга З.Энхболдод гардуулаад энэ таван жилд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар товч танилцуулсан юм. Тэрбээр энэ таван жилд төлөвлөсөн арга хэмжээг хэрэгжүүлэхэд УИХ, Засгийн газартай хамтран ажиллахдаа баяртай байх болно гэлээ.
Түүнчлэн нийгэм, эдийн засгийн хөгжлийн асуудлаар Засгийн газрын гишүүдтэй яриа хэлэлцээ хийж байгаагаа дурдаад Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд цаашид анхааран УИХ дахь Эмэгтэйчүүдийн албан бус бүлэгтэй хамтран ажиллах болсноо дуулгав.
УИХ-ын дарга З.Энхболд, Монгол Улс Мянганы хөгжлийн зорилтуудад хүрэх үүрэг амлалтаа биелүүлэхээр идэвхтэй ажиллаж, өнгөрсөн онд Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн Үндэсний дөрөв дэх илтгэлээ гаргасан гээд энэ үйл явцад НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв.
Хатагтай Сезин Синаноглу Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг 2011-2013 онд даргалж байгаа Монгол Улс ардчилал, сайн засаглалыг бэхжүүлэхэд өөрийн гэсэн туршлага хуримтлуулсныг тэмдэглээд, туршлага, сургамжаа бусад оронтой хуваалцах, цаашид улам бэхжүүлэхэд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн зүгээс хамтран ажиллахдаа таатай байх болно гэлээ.
УИХ-ын дарга З.Энхболд хатагтай Сезин Синаноглу нар нийслэлийн гэр хорооллын дахин зохион байгуулалт, газрын менежмент, цэвэр ус, дулааны хангамжийн асуудлаар санал солилцлоо
Сэтгэгдэл ( 0 )