Бизнес эрхлэгч бүсгүйчүүдэд төрийн ”халамж” үгүйлэгддэг

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 09

УИХ дахь эмэгтэйчүүдийн албан бус бүлэг, Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран эмэгтэй бизнес эрхлэгчидтэй уулзалт хийлээ.

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн 60 гаруй хувь нь жижиг, дунд, бизнес эрхэлдэг юм байна. Гэтэл жижиг, дунд бизнес эрхлэгчдэд тавих анхаарал нь бага байдаг гэдгийг онцолж байлаа. УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Жижиг, дунд үйлдвэрлэл ажлын байрны 90 хувийг бүрдүүлдэг. Гэтэл төр засгаас үүнд анхаарал тавих нь бага байдаг. Ялангуяа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид нь эмэгтэйчүүд байдаг. Энэ хүмүүст туслах, тэдэнд тулгамдаж буй асуудлыг төрөөс зохицуулах юм бол ядуурал буурах хамгийн гол хөдөлгүүр болж чадна. Тиймээс бид эмэгтэйчүүдийн бизнесийг дэмжих, тэдэнд тулгамдаж буй асуудлыг нээлттэй ярилцахаар энэ уулзалтыг зохион байгуулж байна” гэлээ.

Харин бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн  төлөөлөл “Тэдэнд эргэлтийн хөрөнгө, татварын дарамт, тоног төхөөрөмж, хүний нөөцтэй холбоотой олон олон бэрхшээл тулгардгийг хэллээ. Тэгэхдээ энэ бүгдийн дотроос хүний нөөцтэй холбоотой асуудал бол хамгийн хурцаар тавигдаж байгааг” онцоллоо. Учир нь ажиллах хүчний ихэнх хувь нь уул уурхай, барилгад ажиллаж үйлдвэр эрхлэгчдэд тогтвортой ажиллах хүчин дутагдаж байгаа гэнэ. Мөн ажиллах насны иргэдийн ихэнх хувь нь гадаадад гэрээгээр ажиллах болсон. Үүнийг хуулиар нарийвчлан зохицуулж Монголдоо ажиллах боломжоор хангаж өгөхийг уриаллаа. Үүнээс гадна зөвхөн төрийн албан хаагчдыг бус бизнес эрхлэгч хувийн хэвшлийнхнийг ч мөн орон сууцны урт хугацааны хөнгөлөлттэй зээлэнд хамруулж өгөх зэрэг тулгамдаж буй асуудлаа нээлттэй хэлэлцсэн юм.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top