Шинэ Засаг байгуулагдаад хаа сайгүй халаа сэлгээ хийгдэж хуучин намын хулгарууд төрхөмдөө буцах нь буцаж арай овсгоотой нэг нь зөөлөн суудал дээрээсээ уначихалгүй үлдлээ. Төрийн албанд халаа сэлгээ их хийлээ гэж сөрөг хүчнийхэндээ шүүмжлүүлэхэд хүрсэн АН-ынхан хэдийгээр төрийн албан дахь төрлийн хэлхээг тасдаж, бүтцийн дорвитой өөрчлөлт хийнэ гэсэн боловч ГЕГ болон Татварын Ерөнхий газрыг шинэ Засгийн томилгоо дайралгүй тойроод гарсан гэхэд болно.
Ялсан намын өнгөн дээр ялагдсан намын хэнбугай ч албан тушаалдаа үлддэггүй гэдэг ч төрийн томоохон агентлагт суудлаасаа өндийдөггүй хэд хэдэн хашир бурхинууд бий. Тэдний нэг нь Татварын Ерөнхий Газрын дарга Б.Баттөмөр юм. Тэрбээр өмнө нь ГЕГ-т 8 жил ажиллах хугацаандаа гаалийн газрыг цахимжуулсан гэх зэрэг нилээдгүй ажлыг амжуулсан гэж албаныхан нь дүгнэдэг юм билээ.
Гэвч мань хүн нэг суусан суудлаасаа босох дургүй нь сүүлийн үед илт анзаарагдах боллоо. Б.Баттөмөр уг нь МАН-ын угшилтай хэдий ч шинэ Засгийн Газрын тэргүүнтэй нилээн сүжрээтэй, намыг нь ч дэмждэг гэнэ. Тиймдээ ч тэрээр албан тушаалаасаа мулзралгүй өдийг хүрсэн болов уу. Монгол Улсын төсвийн дийлэнх хувийг бүрдүүлдэг Татварын Ерөнхий Газрын дарга авлигын хэрэгт орооцолдсон гэх чимээ зарим хэвлэлээр шуугиад намжсан.
МАН-ын гишүүд хуучин буйр руугаа бөөн бөөнөөрөө нүүж байгаа энэ үед тэрээр Сангийн сайд Ч.Улаантай сүрхий сүжрэх болсон нь МАХН-ын нөмөр нөөлгөнд багтаж албан тушаалдаа хэвээр үлдэх оролдлого ч байж болох юм. Ямартай ч суудлаасаа өндийдөггүй дархлагдсан дарга нарын эгнээг Татварын Ерөнхий Газрын дарга Б.Баттөмөр тэргүүлж явна. Ямар ч үед сандал суудалтайгаа үлддэг Б.Баттөмөр даргын нууц нь юу юм бол.
Т.НОМИН
Сэтгэгдэл ( 0 )