Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өнгөрсөн баасан гаригт Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн удирдлагатай уулзаж, тус эмнэлгийн өргөтгөлийг Хууль зүйн яам болон прокурорын байгууллагын байр болгох гэж байгаагаа мэдэгдсэн. Тэрээр “Хотын төвийн А зэрэглэлийн бүсэд эмнэлэг байх нь тохиромжгүй. Тиймээс өргөтгөлийн барилгыг Хууль сахиулах байгууллагын цогцолбор болгоно” хэмээн дуулгаж эмнэлгийнхнийг цочирдуулсан. Тэгвэл дээрх шийдвэрийг эсэргүүцэж, Төрийн тусгай албан хаагчдын Нэгдсэн эмнэлгийн ахмадын зөвлөлөөс хэвлэлийнхэнд хандлаа. Угтаа бол Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ажлуудын нэг нь уг өргөтгөлийн барилга бөгөөд аль гурван жилийн өмнө ярилцаж хэлэлцээд 9.3 тэрбум төгрөг төсөвлөсөн гэнэ. Гэтэл шинэчлэлийн гэх тодотголтой шинэ Засгийн газрын шинэхэн сайд бид авна гэж улаан цайм давшилж байгаад нь харамсч байгаагаа тэд илэрхийлээд байв. Хэдийгээр аман байдлаар дээрх шийдвэрийг хэлж албан бичиг ирүүлээгүй ч эмнэлгийн ажилчид болон өвчтнүүдэд уг барилгыг нь авчих вий гэсэн хардлага айдастай байгаа гэв. Түүнээс гадна өргөтгөлийн барилгын А корпуст сүүлийн үеийн оношилгооны тоног төхөөрөмж суурилуулсан. Өндөр үнэтэй төхөөрөмжүүдийг буцааж салгах ямар ч боломж байхгүй гэдгийг хэлсэн юм. Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг 239 ажилтантай бөгөөд жилд дунджаар 90000-100000 хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг аж. Уг эмнэлгийн барилгыг анхны төлөвлөгдсөн зориулалтаар нь ашиглавал дэлхийн жишигт нийцсэн эмнэлгийн зориулалтын анхны барилга болох юм байна. Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн одоогийн үйл ажиллагаа явуулж байгаа байр нь 1933 онд баригдсан. Тиймээс зайлшгүй засвар шинэчлэлт хийх шаардлагатай хэмээн үзэж өргөтгөлийн барилгын ажлыг эхлүүлсэн ч замын дундаас зориулалтыг нь өөрчилсөн. Үүнд олны сэтгэл эмзэглэж байгааг Хууль зүйн шинэхэн сайд Х.Тэмүүжинд иргэдийн нэрийн өмнөөс уламжиллаа.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )