УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Францын парламентын бүлгийн дарга Н.Батцэрэг Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ив Делүнэг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.
Ноён Ив Делүнэ нь Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдож албан ажлаа хүлээн авснаас хойш хэдийгээр найман сар болж байгаа ч энэ хугацаанд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд түүний оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж явдгаа УИХ-ын гишүүн Н.Батцэрэг уулзалтын эхэнд илэрхийлэв.
Элчин сайд Ив Делүнэ хоёр орны харилцаанд нэн шинэ үе эхэлж байгааг онцлоод, энэ чухал үед Монгол Улсад томилолт авч ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийллээ. Мөн тэрээр эрхэм гишүүн Н.Батцэрэгийг УИХ дахь Монгол-Францын парламентын бүлгийн дарга болсонд баяр хүргэж, цаашид хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг дараагийн шатанд гарган хөгжүүлэхэд өөрийн зүгээс анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Сүүлийн жилүүдэд хоёр орны худалдаа эдийн засаг, аялал жуулчлал, соёлын харилцаа улам өргөжин хөгжиж байгааг тэрээр дурьдаад, өнгөрсөн оны байдлаар Монгол Улсад ирсэн Францын жуулчдын тоо 10000-д хүрснийг онцолж байв.
Мөн Франц улс тавдугаар Бүгд Найрамдах Улс зарлан тунхагласан үеийн түүхэн нөхцөл байдлын тухай болон Үндсэн хуулийн эрх зүйн чиглэлээр туршлага солилцох боломжийн талаар хөндөж ярилцлаа.
Сэтгэгдэл ( 0 )